Нийгэм

81 СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАН БОРЛУУЛЖ БАЙНА

81 СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАН БОРЛУУЛЖ БАЙНА
Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:00–18:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Чойбалсан групп ХХК, Багануур Мах Маркет ХХК, Агро нэгтгэл трэйд ХХК-иуд нийт 3746.2 кг хонины мах, 8822 кг үхрийн мах нийлүүлж, нийт 12.5 тонн махыг иргэдэд борлуулсан байна. Ингэснээр өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан хоёр өдрийн хугацаанд 26 тонн мах борлуулагджээ. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй гэрээт аж ахуйн нэгжүүдийн хүсэлтэд үндэслэн сүлжээ дэлгүүрүүдэд хүргэх бэлтгэл, түгээлтийн бэлэн байдлыг хангах зорилгоор хоёр өдрийн хугацаанд дээрх өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан байна. Харин өчигдрөөс эхлэн нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалж эхэлсэн.
Гэвч аж ахуйн нэгжүүдийн түгээлт, зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор зарим худалдааны цэгүүдэд махны нийлүүлэлт бүрэн бус, дутуу хүргэгдсэн тохиолдол гарсан байна. Иймд ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албаныхныг байлцуулан нөөцийн мах нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулалтын асуудалд онцгой анхаарч, түгээлтийг цаг алдалгүй, тасралтгүй гүйцэтгэхийг үүрэг болгож, хариуцлага алдсан тохиолдолд холбогдох арга хэмжээ авахыг анхааруулсан. Өнөөдрийн байдлаар Номин, М-Март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах бүрэн хүргэгдэж, борлуулалт цаашид хэвийн үргэлжилнэ.