Баян-Өлгий аймагт шүлхий өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, төрийн байгууллагуудыг тусгай горимд шилжүүлжээ. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэх захирамжийг тус аймгийн Засаг дарга Е.Зангар гаргажээ. Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Алтай сумын 3 дугаар багт шүлхий өвчин шинээр бүртгэгдсэн, мөн Дэлүүн сумын хил орчмын бүсэд өвчний тохиолдол илэрсэнтэй холбогдуулан нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Е.Зангар “Өлгий суманд хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш маргааш 14 хоног болж байна. Маргаашаас эхлэн Өлгий сум болон Бугат сумын төвийн 3, 5 дугаар багт ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг дахин өргөн хүрээнд зохион байгуулна. Мөн эдгээр бүсийн мал сүрэгт давтан тандалт хийж, шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мал эмнэлгийн байгууллага мэргэжлийн дүгнэлт гаргана. Уг дүгнэлтийг үндэслэн хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэх эсэх, эсвэл сулруулах талаар саналаа Улсын Онцгой комисс болон Засгийн газарт хүргүүлнэ. Эцсийн шийдвэрийг холбогдох байгууллагууд гаргана. Хэрэв Өлгий сумын нутаг дэвсгэрт дахин өвчний тохиолдол бүртгэгдэхгүй бол Өлгий сум, Бугат сумын төв 3, 5 дугаар багт хөл хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлэх байр суурьтай байна” гэв.