Нийгэм

ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАР ЗҮРХ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАР ЗҮРХ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших түүх, соёлын хосгүй өв Хар Зүрхний Хөх нуурын Зүрх хайрханд төрийн тахилга ёслол хүндэтгэлтэйгээр боллоо. Тус нутаг нь Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд өргөмжлөн, Чингис хаан буюу Далай их хаан цол хүртээсэн түүхэн газар хэмээн тэмдэглэгддэг. Энэхүү түүхэн үйл явдлын хүрээнд зохион байгуулсан төрийн тахилга ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, Хан Хэнтий нутгийн иргэд, ахмад буурлууд өргөнөөр оролцож, өвөг дээдсийн түүх, уламжлал, байгаль дэлхийгээ дээдлэн хүндэтгэх монгол ёс заншлаа хүндэтгэн ёслолоо.

Төрийн тахилга нь Монголын төрт ёсны уламжлал, түүх, соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгаль дэлхий, уул усныхаа онгон дагшин байдлыг хамгаалах, эх оронч үзэл, үндэсний бахархлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хан Хэнтий нутгийн түүх, өв соёлын үнэт өв болсон Зүрх хайрхан ийнхүү төрийн тахилгат хайрхан хэмээх эрхэм хүндтэй статустай болж, монголчуудын төрт ёс, түүхэн уламжлалын бэлгэ тэмдэг болон үеийн үед дээдлэгдэн үлдэх түүхэн үйл явдал боллоо.

Их эзэн Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хар зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлигийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан юм.