Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд генерал Арай Масаёоши Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргалтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар талууд Монгол, Японы батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар санал солилцож, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлийн хамтарсан сургалт, цэргийн боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.
Хошууч генерал Ч.Цогтжаргал хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжин бэхжиж байгааг онцлоод, энэ хүрээнд хэрэгжиж буй “Зам” хамтарсан сургалт, дадлага нь бодит үр дүнтэй хамтын ажиллагааны нэг чухал хэлбэр болж төлөвшсөнийг тэмдэглэв.
Талууд “Зам” сургалт, дадлагын үр дүн, хуримтлуулсан туршлагыг цаашид бататган, цэргийн инженерийн чиглэлийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн сургалт, боловсон хүчний бэлтгэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.
Уулзалтын дараа генерал Арай Масаёоши тэргүүтэй төлөөлөгчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй Монгол, Японы цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам-2026” сургалт, дадлагын явцтай танилцах ба айлчлалын хүрээнд генерал Арай Масаёошиг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба нар хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.
Генерал Арай Масаёошигийн энэхүү айлчлал нь Монгол, Японы батлан хамгаалах салбарын харилцан итгэлцэл, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн мэргэжлийн хамтын ажиллагааны цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.