Нийгэм

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амар тайван амьдрал, хууль ёсыг сахин хамгаалах төрийн тусгай алба хаагчдыг сургаж бэлтгэх эрхэм үүрэгтэй Дотоод хэргийн их сургуулийнхаа эрдмийн хамт олонд 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Багшийн хөгжил-Чанартай боловсрол” зорилтын хүрээнд цахим-танхим хосолсон хөтөлбөр, хиймэл оюунд суурилсан дижитал шилжилт, ирц бүртгэлийн цахимжуулалт зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, практик үйл ажиллагааны нэгдлийг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулахаа онцлов.

​

Энэ хичээлийн жилд, Их сургууль маань 1300 гаруй сонсогч, суралцагчаар эгнээгээ тэллээ. 2026-2027 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургууль нь төрийн тусгай албаны хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сайжруулах, цахим сургалтын орчныг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэн ажиллахаар зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Мөн сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цахим болон танхимын сургалтыг хослуулан хэрэгжүүлэх боломжийг өргөжүүлж, алба хаагчид ажлын байран дээрээсээ суралцах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр сургалтын цахим орчныг хөгжүүлж байгаа юм.​

Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жил ийнхүү эхэллээ. Эрдмийн хамт олондоо хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сонсогч, суралцагч, сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.