Нийгэм

Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэллээ

Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэллээ
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх ажилтай танилцаж, оршин суугчидтай уулзлаа. Энэ үеэр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Миний хувьд 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзлээ. Асуудлаа тавьдаг боловч хотын дарга нар сонсоод л өнгөрдөг байсан. Харин өнөөдөр хотын дарга С.Амарсайхан бидний үгийг сонсож, эхний ээлжийн орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэлж байгаад баяртай байна” гэлээ. Мөн тус дүүргийн хоёрдугаар хорооны иргэн А.Орломжав “Би энэ байрандаа бараг 40 жил амьдарч байна. Барилгад нуралт үүссэн, дусаал гоождог, амьдрахад үнэхээр хүндрэлтэй байгаа. Нийслэлийн удирдлагууд маань бидний энэ асуудлыг шийдвэрлэж, шинэ байртай болгож өгөх гэж байгаад талархаад барашгүй” гэсэн юм. 
Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажлыг нийслэлийн Орон сууцны корпораци хариуцан гүйцэтгэж байгаа юм. Налайх дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй 20 орчим орон сууц байгаа аж. Төлөвлөгөөний дагуу эхний зургаан орон сууцыг энэ онд  ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тус корпораци ажиллаж байна. Эхний ээлжийн хоёр орон сууцны нийт 126 айлын орон сууцыг шинээр барих ажлыг ийнхүү  эхлүүллээ.
НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Орон сууцны корпораци Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй эхний зургаан орон сууцыг энэ онд ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. Эдгээр зургаан байранд нийт 76 өрх амьдарч байгаа юм. Одоогоор оршин суугчидтайгаа гэрээ байгуулаад, орон сууцыг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Эхний ээлжний хоёр блок бүхий нийт 126 айлын орон сууцыг ирэх оны тавдугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна” хэмээлээ. 
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Энэ онд Налайх дүүрэгт хийгдэх томоохон бүтээн байгуулалт бол ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил юм. Иргэд өөрсдөө хичээгээд зүтгээд явбал хамтдаа асуудлыг шийдвэрлэж болдогийн тод жишээ энэ болж байна. Дахин төлөвлөлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй. Иргэд ч энэ ажилд өөрсдөө хяналт, шаардлагаа тавиад явах хэрэгтэй шүү” гэдгийг онцлон хэлсэн юм.