Нийгэм

Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүллээ

Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүллээ

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы /Marmota sibirica/ тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна. Иймд нийслэлийн Байгаль орчны газраас анх 2017 онд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт 102 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу барьж голомтгүй бүсээс голомтгүй бүс нутагт хуучин тарвага нутагшиж байсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэхэд байгаль хамгаалагчийн оролцоотойгоор мониторинг судалгаа хийж байна.

Энэ жилийн хувьд тус газраас ан амьтны мэргэжлийн байгууллага болох Хөдөө аж ахуйн их сургууль, “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран айлын хашаанд хамгийн ойр тархсан Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт 7 бүлийн 32 толгой тарвагыг барьж ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшууллаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2016 онд хийгдсэн зэрлэг амьтны тархац, нөөцийн судалгаагаар 51 зүйл хөхтөн амьтан, 227 зүйлийн шувуу бүртгэгдсэн бөгөөд зүйлийн олон янз байдлын хувьд харьцангуй баялаг юм. Судалгааны үр дүнд Монгол тарваганы /Marmota sibirica/ өсөлтөд хүний зүгээс  үзүүлж  буй сөрөг нөлөө их байгааг онцолсон байдаг. Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан юм.

 Нийслэлийн Байгаль орчны газар