Нийгэм

Ж.Батбаясгалан: Нийтийн эрх ашиг бүхний тэргүүнд байх ёстой

Ж.Батбаясгалан: Нийтийн эрх ашиг бүхний тэргүүнд байх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамт нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгаж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа.

Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 7 дугаар байрны оршин суугчдын санаачилгаар “Санчир” сууц өмчлөгчдийн холбооны хүсэлтээр тус байрны урд талын талбайд одоо байгаа газрын түвшинд нь тоглоомын талбай, амралтын талбай, ногоон байгууламж, 20 автомашины ил зогсоолыг шинээр хийж газар доор 40 автомашины дулаан зогсоолыг хийхээр төлөвлөжээ. Гэсэн хэдий ч гүйцэтгэгчээр шалгарсан компанийн зүгээс зөвшөөрөл авсан 2015 оноос хойш бүтээн байгуулалтын нэг ч ажил хийгээгүй байна. Оршин суугчдын зүгээс энэ байдалд гомдол гаргаж, хотын Захирагчид удаа дараа хүсэлт тавьсаны дагуу уг асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаны хүмүүсийн хамт ажилласан юм. Мөн өчигдөр оршин суугчдын хүсэлтийн дагуу тохижилтын ажил хийхээр хашаалсан байсан хашааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас буулгасан байна.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийг ажиллах үеэр 5, 6, 7, 8 дугаар байрны оршин суугчдын зүгээс тохижилтын ажил хийлгэх энэ асуудалд одоог хүртэл тодорхой нэгдсэн нэг шийдэлд хүрээгүй маргаантай байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн зүгээс “Байрны оршин суугчдыг бүгд хуралдаж, тодорхой нэгдсэн нэг шийдэлд хүрэх хэрэгтэй. Нэг хэсэг оршин суугчид эсэргүүцэж, харин нөгөө хэдэн хүмүүс нь дэмжиж байна. Хэн нэгний эрх ашгийг зөрчсөн ямар нэгэн шийдвэр одоо гаргахгүй. Нийтийн эрх ашиг бүхний тэргүүнд байх ёстой. Олноороо хэлэлцэж байж зөв шийдэл, шийдвэрт хүрнэ. Ойрын хугацаанд бүх оршин суугчдыг хамруулсан хурал зарла. Энэ хуралд манай холбогдох албаны хүмүүс ирж суун бүгд нэгдсэн нэг шийдэлд хүрэх нь зүйтэй. Түүний дараа ямар зориулалтаар ашиглах тохижуулах гэдэг асуудлуудыг ярьж, шийдвэр гаргаж ажиллана. Тэр хүртэл ямар нэгэн барилга барих, тохижуулах ажил хийгдэхгүй” гэдгийг оршин суугчдад хандаж хэллээ.

Оршин суугчдын зүгээс хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн саналыг дэмжиж, байрны оршин суугчдын хурал зарлаж, нэгдсэн шийдэлд хүрэхээр болов.