Нийгэм

“Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор “Асуудал, шийдэл” сэдэвт харааны бэрхшээлтэй залуучуудын хэлэлцүүлэг болжлоо. “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, Т.Доржханд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд, харааны бэрхшээлтэй залуусын төлөөлөл оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлгээр боловсролын хүртээмж сэдвийн хүрээнд “Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй залууст боловсрол эзэмшүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Боловсрол эзэмшихэд харааны бэрхшээлтэй залууст тулгамдаж буй асуудал”, Хөдөлмөр эрхлэлтийн хүртээмж сэдвийн хүрээнд “Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11.800 орчим иргэн байдаг. Тэдний 30 хувь нь 18-30 настай хөдөлмөрийн насны иргэн байна. Эдгээр иргэдэд сурах, хөдөлмөрлөх тэгш боломж олгох нь төрийн бодлогын цөм байх ёстой гэдгийг хэлэлцүүлэгт оролцож буй талууд хэлж байна.

Гэвч бодит байдалд өнөөг хүртэл харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан сурах бичиг хүрэлцээгүй, шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй, хуулиар олгогдсон хөдөлмөрлөх  эрхээ эдэлж чадахгүй хэвээр байгаа юм. УИХ-ын гишүүд тусгай хэрэгцээт иргэдийн өмнө тулгамдаж буй асуудалд онцгой анхаарч ажиллана гэлээ. УИХ-ын эмэгтэй гишүүд дээрх иргэдийн сурч боловсроход шаардлагатай сурах бичиг, хэрэглэгдэхүүнийг хангах санхүүжилтийн эх үүсвэрийг 2021 оны төсөвт суулгах, хөдөлмөрлөх эрхийг хангах, хууль, эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажиллахаа илэрхийлэв.

Хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг нэгтгэн УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна.