Улсын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр зогсоож холбогдох арга хэмжээг авах,
- Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл түр зогсоох,
- Үзвэр үйлчилгээний байгууллагууд болон олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, кинотеатр, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох.