Улс төр

Түр хороог хуралдуулж, УОК-ын мэдээллийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд сонсоно

Түр хороог хуралдуулж, УОК-ын мэдээллийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд сонсоно

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр онлайнаар хуралдлаа. Эхлээд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ирэх 7 хоногт Ажлын хэсэг, Байнгын болон Дэд хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа хууль тогтоомжийн төсөл, бусад ажлын талаар танилцууллаа.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын байнгын болон нэгдсэн чуулганы хуралдааныг онлайн, цахимаар цаг давхардуулалгүй зохион байгуулах, томоохон хуулийн төслийн Ажлын хэсгүүд хуралдах боломжийг хангах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хөл хорионд ажилтнууд нь хамрагдсанаар хог ачилт, хүнсний бараа бүтээгдэхүүний худалдаа зэрэг үйлчилгээний байгууллагуудад хүн хүч дутах явдал гарч байж болзошгүй. Ер нь журам сахиулж, тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдаас гадна далд фронтод, хоёрдугаар эгнээнд ажиллаж байгаа хүмүүс олон бий шүү. Тэдэнд урам өгөх талаар анхаарууштай гэсэн санал хэлсэн бол УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ илүү санаачилгатай, ажил хэрэгч хандах шаардлагатай байна. Тухайлбал зээлийн хүүгийн асуудлыг яах вэ гэдэг асуудалд хариу өгөх хэрэгтэй байна гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар эрүүл мэндийн салбарынхан, төрийн тусгай албан хаагчдаас гадна хувийн хэвшлийн олон хүн эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа. Тухайлбал, шатахуун түгээгүүрийн газрын ажилчид, хүнсний барааны худалдагч гэх мэт. Тэдэнд анхаарах ёстой. Нөгөө талаар өдрийн орлогоороо өрх гэрээ тэжээдэг, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд, харж хандах хүнгүй өндөр настнууд гээд эмзэг бүлгийн хүмүүсийнхээ амьжиргааг яах вэ, ямар дэмждэг туслалцаа үзүүлэх вэ зэрэг асуудлаар УИХ байр сууриа илэрхийлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэв.

Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүд “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог ойрын үед хуралдуулах, Улсын онцгой коомисс, Засгийн газрын мэдээллийг УИХ-д сонсох ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байв.

Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс энэ долоо хоногт Түр хороог хуралдуулж, УОК-ын мэдээллийг УИХ-д сонсох арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.