Нийгэм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 43 дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн хамт бүрэн эхээр нь нийтэллээ.  "КОВИД-19"-ын цар тахлын тархалтын эрсдэлийг хязгаарлах, бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлага бий болсон. Энэ хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай тус банктай тохиролцсон байна. Уг хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил,  зээлийн хүү  + 0.85 хувь,  хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь нөхцөлтэй байхаар  хэлэлцээрт тусгагджээ.

Мөн “Түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоолын төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэлсэн.  Тухайлбал, “Түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” тогтоолоор коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог  Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нар, Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан бол “Тогтоолын төсөл буцаах тухай” тогтоолд Улсын Их Хурлын нэр бүхий таван гишүүнээс өргөн мэдүүлсэн ““Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаахаар тусгагдсан байлаа.

Түүнчлэн энэ удаагийн дугаарт  “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн батлах тухай”, “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам” зэрэг Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн.

Засгийн газрын "Журам батлах тухай" тогтоолоор  Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Алдар цолтон ахмад настанд нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдэл, хөнгөлөлтөд хамрагдах иргэн цахим хэлбэрээр хүсэлт гаргах, уг хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхээр зохицуулжээ. Тухайлбал, иргэд нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ  нийгмийн халамжийн нэгдсэн систем буюу “www.ecare.mn” цахим хуудас болон “ecare” гар утасны аппликейшн, төрийн үйлчилгээний цахим машин буюу цахим систем ашиглан гаргах бөгөөд системийн “Бүртгүүлэх хэсэг”-т регистрийн дугаар, эцэг/эхийн нэр, өөрийн нэр, цахим шуудан (имэйл)-ийн хаяг, гар утасны дугаар  мэдээллийг кирилл үсгээр бичиж, бүртгүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.  

Харин “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн батлах тухай” тогтоолд дотоодын үйлдвэрт захиалгаар үйлдвэрлэх протез, ортопед, тусгай хэрэгслийн нийт 66 төрлийн жагсаалтыг жишиг үнэ, хамрагдах бүлгийн хамт нарийвчлан зохицуулсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой.