Нийгэм

Эрчим хүчний сайдын зөвлөл хуралдлаа

Эрчим хүчний сайдын зөвлөл хуралдлаа

Эрчим хүчний сайдын зөвлөл энэ сарын 10-ны өдөр хуралдаж, Эрчим хүчний салбарт гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламж, бондын хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд дотоодын туслан гүйцэтгэгчийн оролцоог хангах журмын төсөл болон төвлөрсөн дулаан хангамжтай аймгийн төв, суурингийн дулаан үйлдвэрлэх, нэгдсэн түгээх, хангах үйл ажиллагаа  эрхэлж буй  тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд”-ын  төсөв санхүү, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үнэ тарифийг  шинэчлэх боломжийг судлах ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.

Сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй гадаад эх үүсвэртэй томоохон төслүүдэд хөрөнгө оруулагч орны гүйцэтгэгч гүйцэтгэх шалгууртай байдаг. Иймээс дотоодын ажиллах хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдаж, журмын төслийг боловсруулжээ.   Энэхүү журамд олон улсын зээлийн гэрээ, хэлэлцээрт дотоодын ажиллах хүчний хувь хэмжээг зааж өгсөн байх, гүйцэтгэгч тендерт саналаа ирүүлэхдээ дотоодын оролцооны хувь хэмжээг хангаж ажиллах тухайгаа батлах, журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан туслан гүйцэтгэгчийн мэдээллийг захиалагчид ирүүлж тухай бүр зөвшөөрөл авч байх зэрэг зохицуулалтуудыг тусгажээ. Журмын төслийг хэлэлцээд Эрчим хүчний сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, редакцийн засвар хийж батлах нь зүйтэй гэж үзлээ.

Орон нутгийн дулаан хангамжийг хэвийн байлгах, хэрэглээний бүтэц, санхүү, эдийн засгийн үр ашиг, үнэ тарифийн нөхцөл байдлыг судлан уг асуудлыг  анх удаа нэгдсэн бодлоготойгоор авч үзэн хэлэлцэв.
Орон нутгийн дулааны компаниудын авлага өглөгийн бүтцийг авч үзвэл  төсөвт байгууллага, аж ахуйн нэгжээс авлага ихтэй байгаа бөгөөд өглөгийн хувьд бүх төрлийн өглөг хуримтлагджээ. Зардлын бүтцийн хувьд төрийн өмчийн компаниудын цалингийн зардал  өндөр байдаг бол хувийн компаниудын зардлын хувьд түлшний зардал өндөр байна.   Улсын хэмжээнд цахилгаан нэг тарифаар тооцогдож, төлбөр нэхэмжлэгддэг байхад  орон нутгийн дулааны үнийн тариф аймаг бүрт харилцан адилгүй байна. Иймээс орон нутгийн дулааны хэрэглэгчийн үнэ тарифийг улсын хэмжээнд ижил хэмжээнд аваачих,  хэмжүүржүүлэх ажил хийгдэх шаардлагатай байгааг онцлон хэлэлцлээ. Орон нутгийн дулааны компаниудын удирдлагын томилгоонд мэргэжлийн байх гэдэг шалгуур тавьж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Эрчим хүчний сайд Н. Тавинбэх “ Орон нутгийн дулаан хангамжийн асуудал бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудал боловч хөгжих тухай ярих байтугай өдрөө аргацаах байдалтай явж байна.  Эрчим хүчний яам, орон нутгийн удирдлага зэрэг олон талтай энэ үйл ажиллагааг  нэгдсэн байдлаар Засгийн газарт танилцуулах нь зүйтэй” гэдгийг тэмдэглэв.

Эх сурвалж: Монгол Улсын Эрчим Хүчний Яам