Орон нутаг

Албан татварын хувь хэмжээний талаарх тогтоолын төсөлд санал авч байна..

Албан татварын хувь хэмжээний талаарх тогтоолын төсөлд санал авч байна..
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна. Тус хуулийн 21 дүгээр зүйлд заасны хүрээнд хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлогын сард төлөх албан татварын хувь хэмжээг тогтоосон шийдвэр гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлогоос сард төлөх татварын хэмжээ тогтоосон шийдвэр нь захиргааны хэм хэмжээний акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэсний дагуу цахим хуудсаар дамжуулан санал авах ажиллагааг зохион байгуулж байна.
 
Иймд тогтоолын төсөлтэй танилцаж, бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлогоос сард төлөх албан татварын хувь хэмжээний талаарх саналаа комент хэсэгт болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 70532120 дугаарын утсанд ирүүлнэ үү.
 
ТОГТООЛЫН ТӨСӨЛ
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
 
2020 оны ... сарын … өдөр Дугаар ….
Бичил худалдаа, ажил, үйлчилгээний
орлогын албан татварын хувь, хэмжээ
тогтоох тухай
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1. Аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлогын сард төлөх албан татварын хувь хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай.
1.1. Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар
1.2. Хувиараа зорчигч, эсвэл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний сард төлөх албан татварыг дараах хувь хэмжээгээр тус тус тогтоосугай.
1.2.1. Хувиараа зорчигч тээврийн болон жижиг оврын ачааны машин /5 тонн хүртэл/ үйл ажиллагаа явуулж буй хувь хүний албан татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиар
1.2.2. Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа /5-10 тонн бол/ хувь хүний албан татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 7 хувиар
1.2.3. Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа /10 тонн дээш бол/ хувь хүний татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувиар тус тус тогтоосугай.

2. Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлогын албан татварыг тогтоосон хувиар ногдуулж, хураан авч төсөв төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Р.Сэддорж/-д даалгасугай.
 
ХУРЛЫН ДАРГА Б.БАДРАА