Транс-Монголын төмөр замын хамгаалалтын торыг хэсэгчлэн буулгаснаар хулан Дорнын талд дахин нутагшиж эхэлжээ. “Оюу толгой” компани Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зам, тээврийн яам болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран 2018 оноос уг ажлыг хэрэгжүүлж байна. Хулан, хар сүүлт зээр зэрэг амьтад өргөн уудам тал нутгаар чөлөөтэй нүүдэллэж байж идэш тэжээл, ус, амьдрах орчноо олдог. Харин төмөр замын хамгаалалтын тор тэдний байгалийн хөдөлгөөнийг хязгаарлаж, тархац нутаг нь хумигдах нэг шалтгаан болж байв. Иймээс хамгаалалтын торыг тодорхой хэсгүүдэд буулгаж, зэрлэг амьтад төмөр замын хоёр талаар чөлөөтэй нүүдэллэх боломжийг нэмэгдүүлжээ.