Гадаад мэдээ

ЭРЧИМ ХҮЧ, ТҮЛШ ШАТАХУУНЫ ХЯМРАЛ ЭДИЙН ЗАСАГТ "ХОЁР ДАХЬ ЦАР ТАХАЛ"-ЫН ХЭМЖЭЭНД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ

ЭРЧИМ ХҮЧ, ТҮЛШ ШАТАХУУНЫ ХЯМРАЛ ЭДИЙН ЗАСАГТ "ХОЁР ДАХЬ ЦАР ТАХАЛ"-ЫН ХЭМЖЭЭНД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ
Эрчим хүч, түлш шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан Европын Холбоо COVID-19 цар тахалтай зүйрлэхүйц хэмжээний уршиг тарьж мэдэх эдийн засгийн томоохон цочролд бэлтгэж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эрчим хүчний хямрал хэдийнэ эхэлжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас Брент маркийн түүхий газрын тосны фьючерс ханш болон Нидерландын TTF буюу Европын байгалийн хийн жишиг үзүүлэлт гуравдугаар сард 60 гаруй хувиар өсчээ.
Үүнийг дагаад бензин шатахууны үнэ 2022 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрч, гуравдугаар сарын хоёрдугаар хагаст гэхэд Германд нэг литр бензин 2 евро 13 цент, Францад 1 евро 97 центийн үнэтэй байжээ. Эрчим хүчний асуудал хариуцсан Еврокомиссар Дан Йоргенсены үзэж байгаагаар эрчим хүч болон түлш шатахууны үнэ энэ хэвээр удаан хугацаанд өндөр байхыг үгүйсгэхгүй байна.
Тиймээс Европын орнуудын хувьд тэдний анхаарал одоогоор эрчим хүч, түлш шатахууны үнийн өсөлт болоод эдгээр хүчин зүйлээс гарах хор уршиг улс орнуудад хэрхэн нөлөөлөхийг хэлэлцэх, сэргийлэх асуудалд голчлон хандаад байна.
ЕХ-ны орнууд эрчим хүчний цочролыг бууруулах оролдлогууд хийж, Оросоос газрын тос импортлоход тавих бүрэн хоригоо хойшлуулж, иргэдэд түлш худалдан авахад хязгаарлалт тогтоох, шатахуун түгээх станцууд дахь үнэд хяналт тавих, дизель түлшний онцгой албан татварыг бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Харин жирийн иргэдийг гэрээсээ ажиллаж, аль болох нийтийн тээврээр зорчихыг уриалжээ.