-Шинэ танилтай ялангуяа түүхч, судлаачтай уншигчдыгаа уулзуулж байгаадаа баяртай байна. Та өөрийгөө бидэнд танилцуулаач?
-Намайг Цэрэнбалтавын Минжин гэдэг. Судлаач, багш хүн. Шинжлэх ухаан академийн Түүхийн хүрээлэнгээс ажлын гараагаа эхэлж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байлаа. Мөн ДХИС-ийн Ахисан шатны боловсролын сургууль, Удирдлагын академид багшилж байснаас гадна Шихихутуг, Сити их сургуульд багшилж ер нь л бичгийн ширээний ардаас хөдийрөөгүй. ХСИС-д багшилсан нь хууль сахиулах таван байгууллагын бие бүрэлдэхүүнд хичээл заасан анхны хувь тохиол байлаа. Түүнээс хойш Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Баян-Өлгий, Увсын хилийн ангиуд нэгдсэн лекц уншихаас гадна тухайлбал Хилийн 0245 дугаар ангийн 0273 дугаар салбарт лекц уншсанаа тодхон санаж байна. 2017 онд ДХИС-ийн Удирдлагын академийн 8011 дүгээр ангийг би дааж авсан юм. Анги маань таван салбарын 27 шилдэг суралцагчид байсны арав гаруй нь хилийн цэргийн офицерууд байсан. Тэд төгсөөд Завхан, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Булган, Улаанбаатар хотод гээд ёстой л дөрвөн зүг, найман зовхист ажиллаж байна. Багш хүний бахархал шавь, багшийн эрдэм шавиас ч гэдэг. Тиймдээ ч багшийг мандуулдаг нь шавь нар л байдаг юм байна. Миний шавь нар алсрах тусам эргээд тэмүүлж байдагт нь баярлаж явдаг. Хамгийн сүүлд Хилийн 0151 дүгээр ангийн хилчдэд лекц уншсан юм байна.
-Та XIII зууны Монголын түүхийг нарийвчлан судалж, “Их засаг” хуулиар докторын зэрэг хамгаалсан байх аа?
-Тийм ээ. Ер нь түүх гэдэг тийм байжээ, ийм үйл явдал болоод өнгөрчээ гэх зэргээр аливаа үйл явдлыг өнгөрсөн цаг дээр өгүүлдэг. Харин миний бие түүхийг уншиж мэдэхээс гадна дүн шинжилгээ хийж байгаасай гэж хүсдэг. Тухайлбал, Буур хээрийн байлдаан. Тэмүүжин Гурван Мэргэдэд булаалгасан эхнэр Бөртэ-Үжинг Тоорил хан, Жамухтай нэгдэн эргүүлж авсан үйл явдал шүү дээ. Болзсон болзоондоо үл хоцрохын тухайд Жамух хэлдэг. Болзсон болзооноосоо гурав хоног хоцорлоо, бид бороотой байсан ч болзооноосоо үл хоцорьё, хуртай байсан ч хугацаанаасаа үл хоцрох ам тангарагтай шүү дээ гэдэг. Энэ нь Монгол хүний “За” андгай бат байдаг тухай өгүүлж буй хэрэг юм. Амлалт гэдэг төрийн өндөр дээд ёс юм. За бол за байх ухагдахуун нь эр хүн болгоны мөрдөж явах ёс. Хүний, төрийн, тэнгэрийн ёс гэдэг өөрөө эрэмбэтэй зүйл. Одоо цагт “за” гэдэг үгийг хүн бүр хэлдэг болж. “За” найз нь тэгж байгаад уулзана, “за” бүтээж өгнө гэх мэтээр өргөн ашиглана. Гэтэл энэ бүхэнд “за” гэх утгын цаадах том андгай үгүй болчихжээ. Тиймээс би шавь нартаа, “Хүнд хийж чадах зүйлээ л амла. Харин амалсан зүйлээ заавал биелүүлж бай. “За” гэсэн л бол заавал биелүүл” гэж захидаг.
-Таны ярианаас нээрээ л “байжээ” гэх түүхээс илүүтэй тухайн үйл явдал яагаад болсон, ямар учиртай өрнөсөн, одоо цагт харьцуулан яаж хүргэх вэ гэдэгт анхаарч судалдаг тань анзаарагдлаа?
-Миний аав “Тэмүүжин-Чингис хааны намтар” гэх гурван боть ном бичсэн хүн. Энэ номыг уншсан хүн түүхийн тэр тусмаа Чингис хааны намтартай холбоотой олон номыг уншилгүйгээр тухайн үйл явдлын учрыг, олон сурвалжийг зэрэгцүүлэн харах боломжтойгоор бичигдсэн. 2002 оноос хойш цаг хугацааны уртад шинэ сурвалж, археологийн олдвор, сурвалж мэдээ, материал нэмэгдсэн тул энэ бүхнийг дахин нягтлах шаардлага гарч байна даа. Өмнөх номон дээр бичсэн бидний оюун дүгнэлт хэр үнэн зөв байсныг сэргээж бас харна. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн Чингис хааны билиг сургаалийг бодож номоо бичиж байхдаа олон үйл явдлын учир холбоос илүү тод харагдах болсон. Тухайлбал, залуу, идэр, ахмад гурван үеийн холбоосыг маш сайн анхаарч ирснийг олж хардаг. Одоо цагт төрийн байгууллагууд ахмад ажилчдаа олноор тэтгэвэрт гаргах нь бий. Тэдний олон жилийн туршид хуримтлуулсан мэдлэг, туршлага гэдэг арвин. Тухайлбал, эрдэмтэн хүн 60 насандаа оюун бодол нь цэгцэрч, бүхий л зүйлээ хийчихсэн нээлттэй дэлгэмэл толь мэт болдог гэдэг. Ер нь ахмадуудынхаа шимээс авахгүйгээр ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэж үгүй. Ирээдүй өнгөрсөн, өнөөдөртэйгөө гурван үеийн холбоостой оршдог. Судлаач хүний хувьд өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн холбоосыг холбон тайлбарлах нь миний үүрэг гэж боддог. -Өнөөдөр монголчууд төдийгүй дэлхий даяар хүний амь гэдэг үнэт зүйлийн төлөө хамтдаа тэмцэж байна. Тэгвэл хүний амь бүхнээс үнэтэй байхын тухайд энэ цаг үед чухам юуг өгүүлэх вэ?
-Би сая уншиж суулаа. Гаднын эрдэмтэн Монголын гурвалжин буюу идэх хоол, өмсөх хувцас, цаг агаарыг онцолсон байна. Энэ бүхнийг ярихаар өнөөх л Монголын ахуйн тухай ярих хэрэгтэй болно. Хүмүүс адууны мах идсээр байгаад янцгаах нь холгүй боллоо гэцгээж байна. Монголчууд өвлийн улиралд адууны мах иддэг. Харин дэлгэр цагт адууны мах иддэггүй. Үхрийн махыг борцлоод хатаах тусах шим нь хурж байдаг. Энэ бүхэн тэр чигтээ байгалийн зүй тогтол юм. Монголын уламжлалт ахуй нь өөрөө бидний дархлаа. Монголчууд ахуйгаасаа холдох тусам дархлаагаа сүйтгэж байдаг.
-Тэгвэл монгол дархлаа улам бүр өндөр байх, мөн чанартай байхын тухайд юу хэлэх вэ?
-Чингис хаан Монгол хүний амийг маш өндөрт дээдэлдэг байсан. Тиймээс ч хамгаас хайрлалтай нь халуун амь гэж хэлсэн шүү дээ. Харин амь аминаас илүү хайрлалтай нь үр хүүхдийн амь гэсэн. Эцэг хүн, эр хүн өөрийн аминаас илүүтэй үр хүүхдийнхээ ирээдүйг нь боддог. Үр хүүхдээ ирээдүйтэй, тусгаар тогтносон улсын иргэн байлгах тэр хүчин зүйлийг хангаж өгөх ёстой. Үр хүүхдүүдийн аминаас илүүтэй нь оршихуйн амь гэж хэлсэн байдаг. Нэгд, миний амь, хоёрт, үр хүүхдийн амь, гуравт, хамгийн их хайрлалтай нь оршихуйн амь гэдгийг эзэн Чингис хаан эрэмбэлэн тунхагласан байдаг. Хүний амийг нэг гэмээр шийддэггүй. Өглөг хишгийг хүртэл гурван удаа хүртээдэг байх жишээтэй. Гурван удаагийн гэмийг өршөөдөг байв. Та өөрийн амиас илүүтэй үр хүүхдийнхээ амины төлөө тэмцэнэ. Харин үр хүүхдийнхээ аминаас илүүтэй зуслангийнхаа хажууд урсах булгийг хамгаалах уу гэдэг асуудал өнөөдөр тулгарч байна. Монгол хүн монгол мөн чанартаа булагаа эрхэмд авч үзнэ. Ундаалах булаг нь ширгэчих юм бол үр хойч нь юугаар тэтгэгдэж амьдрах билээ.
-“Их засаг” хуулийг ихэд чанга хатуу байсан талаар түүхчид ярьдаг. Та дээрх сэдэвтэй холбоотой хуулийн агуулгаас ярьж өгөөч?
-Хууль гэдэг тухайн нийгмийнхээ толь байхаас гадна тухайн төрийн бодлого байдаг. Иймд “Их засаг” хуулиар дамжуулан Их Монгол Улсын бодлогыг харж, нийгмийг тольдож болно. Миний диссертацийн гол санаа нь “Их засаг” нь эдүгээ цагийн хууль гэдэг агуулгаар илэрхийлэгдэхгүй харин түүнийг зарга, зарлиг, ёс гурав бүрдүүлдэг гэдгийг гаргаж тавьсан. Дээрх яриатай холбож ярья. Голын эхэнд сүү цагаан идээ хийж болохгүй, хэрэв булингартуулбал хатуу шийтгэл оногдуулах ялтай байж. Нөгөө санаа нь голын усанд яр шархтай хүн биеэ угаасны дараа голын загас жараахай өвчилж, тэр загасыг шувуу идэж, шувууг идсэн чоно, нохой өвчлөх зэргээр бүхий л зүйл хоорондоо нарийн учир зохилдлоготой. Амийг оршоодог ганц зүйл бол ус. Гол горхийг ингэж Засаг хуулиараа хамгаалж ирсэн нь учиртай байх нь. Оршихуйг хайрлана гэдэг өөрөө монгол ухаан юм.
-Та Монгол ухаан гэж хэллээ. Чингис хааны ухаан, удирдлагын талаар юу хэлэх вэ?
-Миний шавь Завхан аймгийн Тэс суманд ажиллаж байгаа хошууч Б.Амаржаргал Чингис хааны удирдлага буюу өнөө цагийнхаар бол өөрчлөлтийн онолоор магистрын зэрэг хамгаалсан юм. Тус магистрын ажлынх хүрээнд байгууллагын удирдлагын системийг авч явахад өөрчлөлтийн онол хамгийн үнэ цэнэтэй болохыг тодорхойлж, АНУ 1700-аад оноос эхлэлтэй тус онол 2000-аад оны эхээр хөгжжээ гэж гаргаж ирсэн. Чингис хаан гэтэл өөрчлөлтийн удирдлагыг XIII зуунд аль хэдийнэ хийчихсэн байв. Тухайлбал, аравтаа зохион байгуулах онол нь их сонирхолтой. Хэрвээ дайн болж аравт задарвал дараагийн аравтыг хэрхэн бүрдүүлэх, дайн тулааны үеэр сэмэрч үлдсэн бүтэц дээр үлдсэн хүнийг хэрхэн оруулж ирэх нь хүртэл нарийн байлаа шүү дээ. Одоо цагт “сhange mаnаgеment” гэж гоё нэр өгчихөөд байгаа боловч Чингис хаан аль хэдийнэ аравтын болон их авын системээр өөрчлөлтийн удирдлага гэдгийг хэрэгжүүлчихсэн, бүүр дэлхийн талыг эзэлтлээ үр дүн үзүүлчихсэн шүү дээ. Нэг хүн бие физиологийн хувьд есөн хүнийг л удирдаж чадах чадвартай байдаг. Тэр есөн хүнд хүрч ажиллах чадвартай гэсэн үг. Махан биеийн чадлын хүрэлцээ нь тэр юм. Нэг аравтын дарга есөн хүнтэй ажиллана. Арван аравтын даргатай зуутын дарга ажиллана. Зуутын дарга болох есөн хүнтэй мянгатын дарга ажиллана. Энэ бол бүтэц. Хэдэн зуунаар жигдэрсэн бүтцийн систем юм. Гэтэл бид Чингис хаан аравтын системтэй байжээ л гэдэг. Гэтэл яг яаж бүрдүүлснийг мэддэггүй. Танай байгууллага дээр авч үзвэл ангийн захирагч, салбарын захирагч, салбар нь харуулын дарга гэсэн шаталсан системээр явагдна. Дарга мундагтаа бүгдийг удирдаад байгаа юм биш. Удирдлагын шаталсан бүтэц байсан учраас удирдаж байгаа юм.
-Хоёулаа ярианыхаа чиглэлийг өөр тийш хөтөлвөл ямар вэ. Та эх оронч үзлийн талаар ямар бодолтой явдаг бол?
-Улс орон бодлогоор залуусыг цэргийн алба хаалгах нь эх орноо, Монгол хүний сэтгэлийн хат гэдэг зүйлийг барих гэсэн оролдлого юм. Харь соёлд улам бүр автах тусам монгол ахуйгаа бид алдсаар байна. Тиймээс ч би шавь нартаа, ер нь л намайг гээд ирсэн хүн бүрт монгол ухаанаас өчүүхэн ч болов өвлүүлэх юмсан гэж хүсдэг. Та бид мянган ном уншиж болно. Чингис хааны тухай 500 ном уншаад таван өгүүлбэрийг амьдралдаа ашиглаж, хэрэгжүүлж чадаагүй юм бол уншсан гээд яах юм. Тэр таван өгүүлбэрээ амьдралдаа хэрэгжүүлж чадаагүй бол уншихын бүр ч хэрэггүй. Манай аав, “Залуу байхад хүн эрдэм мэдлэг авах гэж зовдог юм. Өтөлсөн хойноо харин өгөх гэж зовдог” гэж хэлсний учрыг одоо л би ойлгож байна. Аав минь бурхан болсноос хойш энэ үгийн учрыг ойлгож сууна. Тиймээс ч би шавь нартаа өгөх гэж “зовж” сууна. Зовж гэж болохгүй л дээ. Гэхдээ шавь нартаа өнөөдөр хэлээд өгсөн зүйлээ маргааш асуухад байдаггүй. Тэгэхээр л аль болох тэдэндээ суулгачих юмсан гэж бодогдоно. Монгол хүн авахаасаа өгөх нь илүү буян гэж ярьдаг. Бусдад мөнгө авч өгөхөөсөө илүүтэй хүний амьдралд хоол болох таван үг хэлэх нь үнэ цэнэтэй юм гэж хардаг. Надаас үг сонссон хэн ч бай буцаагаад цааш түгээх юмсан гэхэд нь би маш их баярладаг. Бид угаас эцэг өвгөдийнхөө өв соёлыг чадлынхаа хэрээр түгээх юмсан гэдэг энэ үнэ цэнэ дээр Монгол ухаан тогтож байна.
-Монгол ухааны тухай та өгүүллээ. Тэгвэл хилийн тухайд та юу хэлэх вэ?
-Монгол Улсын хилийг Монгол хүн хамгаалж зогсно. Үүнтэй агаар нэгэн Монголын үнэт зүйлийг монголчууд л хамгаална. Харин энэ хамгаалалтын хамгийн захын эгнээнд, нүүрэн талд та бүхэн зогсож байдаг. Яг л нөгөө торгуулийн суман гэдэг шиг. Хамгийн түрүүнд эрсдэлийг олж харж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа хүчний байгууллагын алба хаагчид та нар юм. Тиймээс ч би мөрдэс зүүсэн эгэл баатрууд гэж боддог. Хилчид хилээ сайн хамгаалж байгаа. Хил зөрчигчийг та бүхэн илрүүлж чадаж байна. Хилчид ирээдүйгээ, оршихуйгаа хамгаалж байна. Гэтэл Үндсэн хууль, Уул уурхайн тухай хууль, Ашигт малтмалын хуулиар нь дамжин манай улсын газар нутгийн бараг 30 орчим хувийг лицензээр гадаадууд эзэмшиж байна. Хил амгалан тайван байна гэж суутал бас үгүй юм. Би танд нэг зураг харуулья. (Монгол Улсад уул уурхайн лиценз эзэмшигч гадаад орнуудын судалгааг үзүүлэв.сур) Хятад улс, Орос, Япон, Англи гэх мэт нийт 20 гаруй орны мэдээлэл энэ байна. Хаа байгаа Кемений арал хүртэл манай улсад эзэмшиж байх жишээтэй. Монголын хил амар амгалан, дайсан буу бариад орж ирсэн үү гэвэл үгүй. Харин хуулийн аргаар буюу харийнхан таван давхар хууль эрх зүйн хамгаалалттай орж ирж байна. Хүн сохор байна гэдэг хэцүү л дээ гэхдээ хараатай байж харахгүй байна гэдэг эмгэнэл. Иймд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюул байгааг харчихаад харахгүй мэт байгаа нь л Монгол Улсын эмгэнэл юм.
-Монголын хилчид хил зөрчигчийг тухай бүр нь илрүүлэн ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй байх. Энэ асуудал үндэсний аюулгүй байдалтай холбогдон хөндөгдөх юм байна.
-Бид харагдах аюулаас сэргийлж чадна. Харин харагдахгүй боловч систем ажиллаж байгаа харь улсын зөөлөн бодлогын өмнө хүчин мөхөстөж байна. Харь төрийн зөөлөн хүчний бодлогын тухай ярих юм бол олон салбарыг хамруулан ярьж болно. Иймд түүхтэй холбоотой нэг л жишээг дурдая. Улсыг нь устгая гэвэл хүнийг нь устга, хүнийг нь устгая гэвэл ахуйг нь устга, ахуйг нь устгая гэвэл оюуныг нь устга, оюуныг нь устгая гэвэл түүхийг нь устга. Таван үе шат байгаа биз дээ. Улсыг нь устгахын тулд өнөөдөр түүхийг нь өөрчилж байна гэж хэн ч мэдэхгүй. Тэгэхээр яагаад түүх чухал вэ гэдэг нь эндээс харагдана. Бид хаана ч түүхээ л ярина. Бид хүчирхэг Америкаас түүхээрээ ялгарна. Харин чи бид хоёр нэгнийгээ танихгүй ч бидний түүх нэг. Гаднын соёл, боловсрол нэвтрэх тусам тухайн улсын соёл улам бүр нэвтэрч хүүхэд, залуусын тархи угаасаар байна. Хил хамгаалах гээд очсон хилчин залуус бүгд чөдөр зангидаж чадаж байгаа юу? Зангидсан чөдрийг нь морь хэр их тасдаж байна түүгээр нь зөв буруу зангидсныг нь хэмжиж болно. Энэ л монголчуудын гурвалын онол буюу монгол ухааны цөм юм шүү дээ.
-Ахуйгаасаа бид улам бүр холдож байгаа нь үнэн шүү. Харин хилд алба хаасан залуус нэг жилийн хугацаанд бага ч атугай ахуйдаа ойртож, эх оронч үзлийг зүрх сэтгэлдээ суулгаад халагддаг гэдгийг сэтгүүлч хүний хувьд би ам бардам хэлмээр санагдаж байна.
-Монголын залуусын нийтлэг дүр зургийг харья. Хорь гаран настай залуу байр, машины зээлтэй, эхнэр хүүхэдтэй. Эхнэрээ мөр бүтэн явуулж, хүүхдээ тэжээх юмсан гэж тэр залуу бодно. Ахуйдаа баригдаад тэднийхээ төлөө л чармайна. Ахуйдаа ингэж уягдахаар аль заваараа улсынхаа хувь заяаг бодох билээ. Хэн Монголын мөн чанарын тухай ярих вэ дээ. Хэн өв соёлоо тээх юм бэ. Гэтэл өвөг дээдэс минь малынхаа хойноос явах зууртаа хорвоог бясалгачихдаг байж. Хөдөөний малчин буурал улс төр, дэлхий дахин, байгаль ертөнц гээд бүхий л сэдвээр хот хүрээнийхнээс илүү юу гэхээс дутуу ярихгүй. Нар улайж жаргалаа маргааш сайхан өдөр болох нь, хулгана хөеөгөө их хураагаад өвөл хүйтэн болох нь гэх мэтээр байгалийн зүй тогтлыг таньж мэдэж чаддаг байсан. Гэтэл хотынхон байшин барилгуудынхаа дунд нар хэрхэн жаргаж байгааг анзаарах ч үгүй. Намар цагт зээр тарган байвал өвөл өнтэй болно гэж бодно. Гэтэл үгүй гэнэ. Зээр жавхайгаад л эхэлбэл өвөл хахир хатуу болдог аж. Амьтан хүртэл ингэж байгальдаа зохицож зөн совингоороо онд мэнд орохын төлөө өөрийгөө жавхайлгадаг байна. Энэ мэт байгалийн шинжийг тэр хөрс шороон дээр гишгэж байгаа хүн л таньж мэдсээр ирж шүү дээ. Ахуй гэдэг ухааны ундарга. Иймд хилийн манаанд зогсож буй цэрэгт эх орон гэдэг сэтгэл, сэтгэлгээ суухаас аргагүй орчин юм л даа.
-Хил гэх тодорхойлолт бий. Судлаач хүний хувьд та хилийг юу гэж тодорхойлох вэ?
-Гудамжинд алхаж яваа залууг хил хамгаалж зогсоо залуутай харьцуулья. Адилхан хорин насны идэр залуус. Мөн чанараараа тэд өөр. Хил дээр ургах, шингэх нарыг харж байгаа эр хүний дотор юу бодогдох бол. Эс бөгөөс ганган сайхан барилгын хажуугаар алхаж байгаа тэр залууд юу бодогдох бол. Тэс өөр ертөнц. Тэнд мөн чанар оршино. Хүнд энерги гэж байдагтай адил үндэстэнд энерги гэж бий. Замын-Үүдийн хилээр орж ирэхэд салхи нь хүртэл өөр үнэртдэг. Үндэстний үнэр нь өөр байдаг. Өөрийн нутгийн чулуу нь хүртэл хүний нутгийн торгоноос зөөлөн байх жишээтэй. Сэлэнгийн хилээр гарахад Оросын хус яагаад тэгш ургаад манай хус яагаад мурий ургаад байдаг юм гэж бодогддог биз дээ. Энэ бүх зүйл энерги. Үндэстний цөм энерги гэдэг өөр. Яг л тэр зурвас, торгон ирэн дээр хилчид ажиллаж байдаг.
-Тэгвэл та ахуйгаасаа улам бүр холдож буй энэ цаг үед ялангуяа залууст юу гэж хэлэх вэ?
-Монгол нутгаа, Монгол хүнээ, монгол ухаанаа, монгол өв соёлоо, монгол түүхээ, монгол уламжлалаа буюу ер нь монгол гэх тодотголтой юм бүхнээ өөртөө, үр хүүхэддээ шингээн авч өвлүүлэн уламжлаасай гэж хүсэж байна. Судлаач хүний хувьд энд л эмзэглэл төрдөг учраас өөрийн минь сурсан өчүүхэн мэдлэгийг надаас аваач гэж хүсээд байгаа юм. Аваач гэдэг нь би өөрийн чадах мэдэх зүйлээ танд хэлж өгье л гэж хүссэн хэрэг.
-Би бас түгээлцэх гээд өнөөдөр таныг зорьж ирсэн?
-Хоёр хүн учрахдаа есөн ерөөл, найман учралаар учирдаг гэдэг. Чи, бид хоёрыг хэн нэгэн есөн удаа ерөөж. Чи, бид хоёр урд амьдралдаа найман удаа учирч. Тэгж байж чи, бид хоёр өнөөдөр энд таарч байгаа хэрэг. Хоёр зуун жилийн буянтай хүн уулзуулж, зуун жилийн буянтай хүмүүс учирдаг гэдэг. Нэг хүнтэй учрах нь хүртэл ерөөл байдаг. Монгол хүний нэг үг нэг маанитай тэнцдэг гэдэг. Бүх зүйл учрал ерөөлтэй, хугацаатай, он цагтай байж учрал ерөөл тавигддаг. Уулзахгүй хүнтэйгээ хөрш байгаад ч таарахгүй байх, уулзах хүнтэйгээ дэлхийн хаана ч учрах нь бий. Амьдрал гэдэг ийм л сайхан. Монголчууд хүнтэй таван үг солиод хэн бэ гэдгийг нь таньчихдаг. Хэт нутаг хаана вэ, хэрэг явдал юунд вэ гэх мэндийн хариугаар таньдаг шүү дээ. Ингэж асуухаар та нэг хариулт хэлж таарна даа. За би таниас асууя. Та хэт нутаг хаана, хэрэг явдал юунд зорьж явна?
-Хэрэг зориг хилчдийнхээ төлөө. Хэт нутаг Говь-Алтайн хүүхэд.
-За, та баруун хязгаар нутгийн хүн юм байна. Хэрэг зориг нь хилчдийнхээ оюуны төлөө явна гээд тун товч хариулчихлаа шүү дээ. Надад тун ойлгомжтой хариулт байлаа. Төрийн хэрэг, түмний явдал гэж байдаг. Та төрийн хэргээр яваагаа илэрхийллээ. Говь-Алтай Засагт ханы хөх харчуудын нутаг, зангарагаа тавихгүй сайн эрүүдийн нутгийн бүсгүй юм байна гэх мэт. Ерөөс харилцаа гэдэг энэ мэт таван үгийн солилцооны цаанаас танигдаж байдаг.
-Таныг ингээд ярихаар нээрээ л монгол ахуйгаар шинжиж таних их амар санагдах юм. Өө тийм шүү дээ гэж өөрийн эрхгүй дотор бодогдох юм?
-Монгол хүний оюун билиг, ахуй гэдэг ийм амархан. Бид хэрэглэхээ байчихсанд л харин учир байгаа юм. Монгол ахуй, соёл, өвийг цааш бид тээх учиртай. Дөрвөлжин байшинд амьдран суусан ч монгол ахуйтайгаа харилцаж байх ёстой.
-Монгол билиг ухааны талаар ярихаар бөө, шашин, тэнгэрийн онол яриад байна уу гэж харах хүн байдаг?
-Үгийн хүч байдаг гэж дээр ярьсан. Би өөрийг тань ярилцлага авна гэхэд үнэндээ юу ч бэлдэж амжаагүй сууж байлаа. Санаанд орж ирсэн өгөгдлийн дагуу л ярилцлаа. Миний мундагт бус монгол өв соёлын аугаад, үгийн хүчинд энэ бүхэн байгаа юм. Гэтэл сүүлийн үед үгийн муугаар ярьсаар байгаад аюулгүй байдлын үнэ цэнэ хүртэл алдагдсан. Гэдэс өвдсөн ч манай улс хүнсний аюулгүй байдлаа хангагдаж чадахгүй, хуруугаа эсгэсэн ч манай улс эрүүл мэндийн аюулгүй байдал хангаж чадахгүй гэнэ. Хилийн зөрчил гарахад хилийн аюулгүй байдал алдагдсан гэж хэлдэг. Хүн бүр үгийг гоёчлоод яриад эхлэхээр үгийн хүч, үнэ цэнэ алдагддаг. Та хилчин хүн шүү дээ. Бод доо. Монгол хүн “Төрийн сүлд өршөө” гэж залбирдаг байсан. Өөрөө хамгийн сүүлд хэзээ ингэж хэлсэн бэ?
-Төрийн сүлд ивээж яваа гэж сүсэглэхээс яг дотроо ингэж залбираагүй юм байна шүү?
-Тийм байгаа биз. Эртнээс монголчууд төрийн сүлд өршөө, үр хүүхдийг минь мөнх хөх тэнгэр, уул усны лус савдагууд нь өршөөг гэж залбирдаг байжээ. Төрийг ямар ёс төртэй дээдэлж байсны илэрхийлэл энэ. Монгол хүн өөрөө төр юм. Таны аюулгүй байдал Монгол Улсын аюулгүй байдал юм. Эрчүүдээ дээдэлдэггүй улс сөхөрдөг, эмэгтэйчүүдээ хамгаалдаггүй үндэстэн мөхдөг гэдэг. Тайлбар нь юу вэ? Эр хүнийг бид дээдлэхээ байж. Угтаа бол тулах багана, түших хань гэдэг тэнцүү байж хөгжнө. Үндэстний эх нь эмэгтэйчүүд. Тиймээс эмэгтэйчүүдээ хайрлах, хамгаалах бодлого байх ёстой. Охид ариун бол төр ариун, эмс садарлавал төр мөхнө гэдэг. Гэтэл бүсгүй хүний хэрхэн явах нь хамаагүй мэт. Ариун охиноос төрсөн хөвгүүн төр барина. Эрлийз хүний элгийг эмтлэх эмтэрхий чулуу олдохгүй гэдэг айхтар хатуу үг ч бий. -Тантай эргээд ярилцах боломж олдно гэдэгт итгэлтэй байна. Та хилч үзлийн тухайд ямар бодолтой явдгийг хуваалцаад энэхүү ярилцлагаа жаргаая?
-Үг ямар хүчтэй байхын тухайд хоёулаа ярилцлаа шүү дээ. Хилч үзэл гэж байхгүй. Хил гэж юу вэ? Хилийг амьтай болгож боддоо. Хилийн багана, хилийн зурвас, хилчин өөрөө хил үү? Харин эх орон хил нэг зүйл. Хилч үзэл гэдэг хилээ хамгаалахыг хэлэх үү, хилийнхээ хажууд зогсох хилчнийг хэлэх үү, хилээ сэтгэлдээ тээхийг хэлэх үү... Харин та бүхний хамгийн гол үзэл хил манах хөвгүүнтэй байх юм. Хил манах хүү төрлөө гэж бид билигшээдэг. Хүн бүр хил манах хүүтэй болтугай гэдэг ерөөл байхгүй юу. Хүн бүр хил манах хүүтэй, гал манах охинтой байхын ерөөл юм. Та ганц хүүхэд гаргаад зогсож болохгүй. Ядаж, хүү охинтой болж хоёр биенээ нөх. Гурав дахь хүүхдээ төрдөө өргө. Тиймээс ч гурав дахь хүүхдийг төрд өргөх хүүтэй боллоо гэдэг. Энэ л хилчдийн гол барих зүйл. Хил манах хүүтэй бол гэдэг ямар сайхан ерөөл вэ. Байшин барих, бизнес хийх хүүтэй бол, эрдэмтэн болох хүүтэй болоорой гэсэнгүй шүү дээ. Тэгэхээр хил гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндсэн гол жанжин шугам. Үнэ цэнэ юм. Үзэл гэдэг өөрөө бодол санаа байхгүй юу. Тиймээс хил яаж бодол санаатай байх билээ. Эх оронч үзэл гэдэг харин бодол санаа байхгүй юу. Эх орон гэдэг хүний оюун бодол болоод бүхий л зүйлд оршин байж эх оронч үзэл болдог. Харин эх оронч үзэл суулгана гээд түүх уншаад байх уу, түүх яриад эх оронч болох уу гэж асуумаар санагдах үе байдаг. Би түүхч хүн. Түүхээ дээдэлнэ. Түүхээ уншилгүй яахав. Гэхдээ түүхээ мэддэг гээд эх оронч болчихно гэвэл андуурал. Хил манаж байгаа хилчин та эх орны бахархал. Цэргийн хүн эх орныхоо төлөө амиа өргөх тангарагтай. Бизнесс эрхэлж байгаа мөнгө гэдэг зүйлд бүх оюун ухаан нь хүлэгдсэн залуугаас эх орны үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнийн тухайд асуугаад үзээрэй. Бүх юмыг зоосны нүхээр хардаг болсон хүн өөрийгөө дэлхийн хүн гэж бодоод би мөнгөтэй л бол аль ч улсад сайхан амьдарч чадна гэж андуурдаг. Өтлөхийн цагт өөрийн чинь нутгаас илүүтэй сайхан газар үгүй л болов уу. Хүнд юугаар ч сольшгүй нь эх орон, газар нутаг. Бид ярих биш хийх л үлдсэн гэдгийг хэлээд мөнх хөх тэнгэр, мандах төрийн сүлд монголчууд биднийгээ үргэлж ивээж явахын ерөөлийг өргөе.