Нийгэм

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэндчилгээ дэвшүүллээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэндчилгээ дэвшүүллээ

Эх орны хөрсөнд үнэт шигтгээ болж үеэс үед өвлөгдөн ирсэн эрдэс баялгийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж улс орныхоо хөгжил, дэвшлийг түүчээлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн геологичид, уурхайчид, салбарын нийт хамт олон Та бүхэнд Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж, хөгжсөн түүхт 98 жилийн ойн баярын мэндийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамт олны нэрийн өмнөөс болон өөрийн чин сэтгэлийн угаас хүргэж байна.

Дэлхий дахинаа нүүрлэсэн цар тахлын хүнд үе манай орныг дайрч, улсын маань эдийн засаг “Ковид-19”хэмээх шинэ тахалтай нүүр тулсан ч түүний өмнөөс хүч сөрөн зогсох тэнхээтэй байгаа нь уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж буй мянга мянган ажилтан та бүгдийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим билээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн үндсэн дөрвөн салбар хамаарч байна. Бид ДНБ-ий 20 хувь, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 70 хувь, экспортын бүтээгдэхүүний 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг тус тус бүрдүүлснээр ирэх жилүүдийн төлөвлөгөөгөө биелүүлэх өөдрөг төсөөлөлтэй болж чадлаа.

Харин одообид өмнөө тавьсан зорилгоо үл умартан дэлхийн жишиг уул уурхайн салбарыг бүх шатанд хөгжүүлж, онцгой ач холбогдол бүхий орд газруудыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн эдийн засгийн үр өгөөжөө дээшлүүлэх ажилд ханцуй шамлан орж байна.

Баялаг бүтээгч та бүхнийг эх орныхоо газрын хэвлийг хаягдалгүй бүрэн ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хариуцлагаа өндөржүүлэн байгаль, орчноо хайрлан хамгаалж, дэлхийн чиг хандлагыг нутагшуулах зэргээр салбарынхаа хөгжлийг хурдасгаж, аж үйлдвэржсэн чинээлэг улс болохын төлөө хамтын хүчээр зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

Та бүхэнд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД  Г.ЁНДОН