Улс төр

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр тогтоолоор хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, С.Ганбаатар, Ц.Туваан нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Ажлын хэсэг 2021 оны нэгдүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд хуралдаж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Ажлын хэсгийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа хуулийн төслийн зорилго, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, зөвхөн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр байхаар тодорхой болгож, үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэлх хугацаанд уг хуулийн төсөл хүчин төгөлдөр үйлчилж байхаар тусгасан байна. Мөн үйлдвэрийн барилга угсралтад шаардагдах машин механизм, техник тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материалыг хилээр нэвтрүүлэхдээ гаалийн түргэвчилсэн бүрдүүлбэрийг хийхээр холбогдох зохицуулалтыг нэмж оруулжээ.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, стандартыг монгол хэлнээ орчуулж, нутагшуулах, газрын тосны хайгуул, ашиглалт явуулах талбайг давуу эрхээр тус компанид олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх, үйлдвэрийн газрын тос хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг орон нутгийн удирдлага олгох, тухайн орон нутгийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах зэрэг зарчмын зөрүүтэй 13 санал болон найруулгын шинжтэй нэг саналыг Ажлын хэсгийн зүгээс боловсруулсан. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудаас санал авч тусгасан гэдгээ Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хэллээ. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тус байнгын хорооноос хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй байна.

Ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонссоны дараа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, санал хураалт явууллаа.

Ажлын хэсгээс гаргасан хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр (цаашид “газрын тос боловсруулах үйлдвэр” гэх) байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойд гарах үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн “энэ хууль нь газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэсэн 3.4 дэх заалтыг, “барилга угсралтад шаардагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийх” гэсэн 4.1.6 дэх хэсгийг, “орон нутгийн удирдлага газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” гэсэн 4.1.7 дахь хэсгийг, “газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, дүрэм, стандартыг монгол хэлнээ орчуулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлыг үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25.3.2-т заасны дагуу бүртгүүлж, мөрдөнө” гэх 5.4 дэх заалтыг, “газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 6.2-т заасныг үндэслэн газрын тос боловсруулах үйлдвэрт газрын тос хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгоно” гэсэн 6.5 дахь заалтыг, “газрын тос боловсруулах үйлдвэр Засгийн газраас олгосон талбайд газрын тос хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна” гэсэн 6.6 дахь заалтыг тус тус нэмэх Ажлын хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм.

Түүнчлэн хуулийн төслөөс дөрөвдүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг болон долоодугаар зүйлийг бүхэлд нь хасахаар тогтов. Хуулийн төслийн 6.2 дахь хэсгийг “энэ хуулийн 6.1-т заасан газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг давуу эрхээр олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж, 6.4 дэх хэсгийг “газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 6.2-т заасны дагуу олгогдсон талбайд өмнө нь хийгдсэн геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг зэрэг хайгуулын ажлын анхдагч болон боловсруулалт хийгдсэн тайлан, материал, мэдээллийг газрын тос боловсруулах үйлдвэрт үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэж тус тус өөрчлөн найруулах саналууд байнгын хорооны хуралдаанаар дэмжигдлээ.

Үргэлжлүүлэн найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.