Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа
Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХҮСЭЛТЭЭ ӨРГӨН БАРИХДАА:
“Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн цэц дээр ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасны дагуу нийт ард түмнийг төлөөлдөг субьект.

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй асуудлууд олон байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар өөрийн биеэр ирж байна. Учир нь эрх баригч нам Үндсэн хууль зөрчин, олонхоороо хүч түрж ийм байдалд хүргэлээ. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд санаа зовниж байна.

Жишээ нь, Авлигатай тэмцэх газрын дэд дарга нас барсны улмаас энэ асуудлыг оруулсан боловч Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хөндөж, эрх барьж буй намын дарга буюу Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилно гэж Авлигын эсрэг хуульд өөрчлөлт орууллаа.

Олонх болсон, эрх барьж буй намын дарга, Төсвийн ерөнхийлөн захирагч нь Авлигатай тэмцэх газрын даргыг санал болгож томилуулна гэдэг нь өөрөө өөрийгөө хянах механизм байхгүй болно гэсэн үг.

Нэгэн жишээ дурдахад, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гол шалтгаан нь Засгийн газрын сайдууд үнийн дүн ихтэй, том төслүүдийг концесс, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор авсан гэдэг асуудал байсан.

УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давуу эрхтэйгээр, мөн концессын том гэрээнүүдийг авсан гэдэг шалтгаанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан. Монголын төрд үргэлж нэг нам олонх байхгүй учраас энэ асуудлыг засах хэрэгтэй байгаа юм.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгох асуудал орж ирсэн. Өнөөдөр УИХ бага ард түмэн биш болсон. УИХ-д олигархуудын буюу мөнгөтэй хүмүүсийн, ялангуяа уул уурхайн төлөөлөл олноор орж ирсэн. УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилно гэдэг нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна. Ийм учраас энэ хүсэлтийг өргөн барьж байна.

Миний санаа зовж буй гол асуудал нь дээрх хуулиуд батлагдсанаар институц хоорондын эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлж байгаа явдал. Энэ нь эргээд ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр, УИХ өөрөө бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл байхаа больж байна.

Нөгөөтэйгүүр Авлигатай тэмцэх газар сүүлийн хоёр жилд маш идэвхтэй ажилласан. Авлига гэдэг бол хөдөө орон нутагт байдаг асуудал биш, харин Монголын баялгаас олсон хууль бус хөрөнгөө хилийн чанадад маш их хэмжээгээр нуусан эзэд нь ил болж ирэх үед эрх баригчдын ойрын нөхөд, тэдний төлөөлөл сандралдаж, хуулиудыг хурдан хуумгай байдлаар батлах үйл явц өрнөж байна. Түрүүн хэлсэнчлэн, Авлигатай тэмцэх газрын дэд даргын асуудал яригдангуут даргын асуудал болж оруулж ирэх жишээтэй. Ард түмэн үүнийг мэдэхгүй, ойлгохгүй гэж эрх баригчид боддог байх. Ийм учраас маш тодорхой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна” гэлээ.

УУЛЗАЛТЫН ҮЕЭР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Н.ЧИНБАТ ХЭЛЭХДЭЭ:
“Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээр анх удаа ирж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тодорхой таван субьект бий. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурал, гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар, дөрөвдүгээрт, Монгол Улсын ерөнхий прокурор, тавд, Монгол Улсын дээд шүүх гэсэн ийм таван субьект Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргадаг.

Өнөөдрийн байдлаар энэ таван субьектээс 16-17 хүсэлт ирсэн байдаг. УИХ-аас хүсэлт ирж байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс урьд нь олон жилийн өмнө хоёр удаа хүсэлт ирсэн байдаг. Прокурор, дээд шүүх, Монгол улсын Засгийн газраас хүсэлт ирж байсан.

Бусад төрлийн процессын үйл ажиллагаанаас ялгаатай нь хүсэлтийг хүлээн авч шалгаж байгаа гишүүн түүнээс татгалзах эрхгүйгээр, 14 хоногийн дотор шууд маргаан үүсгээд явдаг. Хүсэлт нь процессын шаардлага хангасан эсэх, бусад нэмэлт шаардлага материал байгаа эсэхээс шууд хамаараад хэргээ үүсгэнэ. Үндсэн хуулийн цэц дээр ирээд хоёроос гурав хоногийн дотор гишүүдэд хуваарилагдана. Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд хуваарилах зарчим тойргийн журмаар явна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монголын ард түмний талд шийдвэр гаргахыг хүслээ.