-Маргаашнаас эхлээд 15 хоног хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөг олгоно-
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж бямба гарагийн өглөөний 06.00 цагаас энэ сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг Шадар сайд С.Амарсайхан болон нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгасан байна. Хэрэв Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоохгүй бол энэ сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргажээ. Энэ эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан талаар холбогдох албаныхан мэдээлж байгаа юм. Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй аж. Мөн нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Засгийн газраас иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг уриалжээ.
Түүнчлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрд 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өгөх бөгөөд энэ мөнгийг өчигдрөөс дансанд нь шилжүүлж эхлэх шийдвэр гарчээ. Үүнд шаардагдаж буй хөрөнгийг “Оюутолгой” компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргаж байгаа гэнэ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад холбогдох албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс вакцинжуулалтаар Азидаа дээгүүр байранд орж байна. Цаашдаа вакцинжуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. Вакцинжуулалт амаргүй асуудалтай тулгарч байна. Дэлхий нийтэд вакцины хомсдол үүсэх магадлалтай байна. Бид долоодугаар сарын 1-н гэхэд зорилтот бүх иргэдээ вакцинжуулж дуусах зорилготой. Израиль, Чили улс дархлаажуулалтаар тэргүүлж байна. Израил улс хоёр дахь тунг хийлгэтэл халдвар хамгааллын дэглэмийг баримталснаар 90 хувь бууруулж байна. Чили улс вакцины эхний тунг хийлгэсэн ч эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар авч байна. Тиймээс Монгол Улс эхний замаар явах хэрэгтэй. Бид Израильтай адил чанартай вакцинжуулалт хийх хэрэгтэй гэж үзсэн. Вакцины хоёр дахь тун хийтэл халдвар авахгүй байх хэрэгтэй. Тиймээс дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хөл хорио тогтоохоор боллоо. Энэ хөл хорио сүүлийнх байгаасай гэж хүсэж байна.
ААН-үүд, иргэдэд дулаан цахилгаан, НДШ-ийн хөнгөлөлт, хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон нь маш их дэм болсон. Одоо төсөв ачаалал авах боломжгүй болсон. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн үед “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой арбитрын маргаан үүсгэсэн. Энэ ажил Олон улсын шүүх дээр амжилттай өрнөж байна. Дубайн хэлцлийг цуцлах боломжтой байдлаар хөрөнгө оруулагчдадаа хүлээн зөвшөөрүүлж, Монгол Улсад татвараар орж ёстой байсан санхүүжилтүүд орж ирсэн. Тиймээс Засгийн газар баялагтаа эзэн байх, хамгийн чухал нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэхийн тулд, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд эдийн засгийн хувьд сөхрөхгүй байхын үүднээс энэ эх үүсвэрийг иргэн бүрд зарцуулахаар шийдлээ. Тиймээс иргэн болгонд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Цар тахлыг ялан дийлэх боломж байна гэж үзэж байна. Иргэддээ эрүүл энхийг хүсье. Бид арилжааны банкуудтай зээлүүд хэрхэн цахимаар яаж гарах боломжийг судалж байна. Бид хамтдаа даван туулах ёстой. Ковидгүй зуны төлөө эвлэлдэн нэгдэцгээе” гэжээ.
Тус шийдвэрийг танилцуулах үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорио тогтоож байгаа гол шалтгаан нь вакцинжуулалтын үр дүнг алдагдуулахгүй байх. Нөгөө талд эмнэлгийн салбарынхан, цагдаа онцгой гээд голомтод ажиллаж буй ажилчдын хүчийг алдагдуулахгүй байх явдал юм. Халдвар хамгааллын дэглэмийг сахихтай холбоотой халдваргүйтгэл, ариутгалын ажлыг эрчимтэй явуулна. Иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн эмчилгээ оношилгоо үйлчилгээг сайжруулах ажил тасралтгүй үргэлжлүүлэн ажиллана. Тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар гаргасан тооноос харвал 100 гаруй голомт байгаагаас 70 гаруй нь идэвхтэй байгаа юм. Цаашид энэ тоо өсөх нөхцөл байдал үүссэн тул шаардлагатай арга хэмжээ авч байна. Хариуцлагыг шат шатанд ярьж байгаа. Санаатай, зохион байгуулалттайгаар ашиг хонжоо хайж удаашруулдаг явдал байж болохгүй гэж байгаа" гэсэн байна. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Манай улсад уушги оруулах буюу ЭСМО аппарат нэг ширхэг байгаа. Энэ аппаратаар хоёр хүн эмчлэгдэн гарсан. Эмнэлзүй, эмчилгээний стандартад алдаа гараагүй. Эмчилгээнүүд стандартын дагуу хийгдэж байгаа. Сүүлийн үед нас баралт ихсэж байгаагийн шалтгаан нь ахмад настнууд, суурь өвчтэй хүмүүст өвчилж, хүндрэх эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой. Халдварын оргил үе нь тавдугаар сарын эхэн буюу хоёр дахь долоо хоногт таарч, энэ үед батлагдсан тохиолдлын тоо 60-70 мянгад хүрч, өдөрт бүртгэгдэх тохиолдол 3000 ба түүнээс дээш гарна гэх судалгаа бий” гэж ярьжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН