Нийгэм

АстраЗенека вакцины 50400 тунг хүлээн авлаа

АстраЗенека вакцины 50400 тунг хүлээн авлаа
Олон улсын вакцин хангамжийн Ковакс хөтөлбөрийн хүрээнд өчигдөр /2021.4.21/  АстраЗенека вакцины 50400 тунг хүлээн авлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад гурав дахь ээлжийн вакциныг хандивлаж байгаа нь энэ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: "Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу Монгол Улс "АстраЗенека" вакцины ээлжит 50400 тунг хүлээн авч байна. Дөнгөж сая /2021.04.21/ 22.59 цагт вакцин тээвэрлэсэн Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнчлэн БНХАУ-ын Синофарм компаниас "ВероСелл" вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900 мянган тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна" гэв.

Монгол Улс анх гуравдугаар сарын 12-нд  "АстраЗенека" вакцины  14400 тун, гуравдугаар сарын 24-нд  "Файзер" вакцины 25740 тунг хандивласан юм. "Файзер" вакциныг эрхтэн шилжүүлэн суулгасан болон, архаг хууч өвчтэй, дархлаа нь сул байгаа иргэдэд хийсэн.

Засгийн газар Хятадын “Синофарм” компаниас  "ВероСелл" вакцины 900 мянган тун, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас  "Спутник V" вакцины нэг сая тунг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс  "ВероСелл" вакцины 300 мянган тунг хүлээн авсан. Одоо Хятадаас  "ВероСелл" вакцины 600 мянган тун мөн ОХУ-аас "Спутник V" вакцины нэг сая тунг авахаар ажиллаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх вакцинууд ирэх юм.

Монгол Улс нь "АстраЗенека", "Синофарм” компанийн "ВероСелл", мөн "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн нийт 800 мянга 140 тун вакцин хүлээн авсан. Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  "АстраЗенека" вакцины 150 мянган тун
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын "ВероСелл" вакцины 300 мянган тун
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар  “AstraZeneca” вакцины 14.400 тун,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөдөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "ВероСелл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан.