Гайхамшигт амьдрал

Нүүрэн дээр тулж ирээд Монгол руугаа зайл гэсэн

Нүүрэн дээр тулж ирээд Монгол руугаа зайл гэсэн

Манай Khanlig info “Гайхамшигт амьдрал” булангийн ярилцлагыг 7 хоног бүр уншигчиддаа зориулан цувралаар хүргэхээр болсон билээ. Энэ удаагийн дугаараар Япон улсад ажиллаж, амьдарч буй Мөнгөнчимэгтэй ярилцлаа. Тэрээр Японд 15 настайгаасаа хойш сурч, ажиллаж, амьдарч байгаа залуу үеийнхний төлөөлөл юм.
 

 -Яагаад заавал Япон улсыг зорих болсон бэ? 

-Би арван жилээсээ л сагсан бөмбөгд их сонирхолтой хүүхэд байсан. Байнга л шийдэн дээр бөмбөг шидэж өнждөг байлаа. Сагсан бөмбөг намайг Япон улс руу хөтөлсөн гэж хэлж болно. Нэг аз ивээсэн өдөр Япон улсын ахлах сургуульд шигшээ багийн тоглогчоор тоглох болж, япон улсыг зорьж байсан. 

 -Анх очиход ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Багш нарын заах арга барил болоод сургалтын систем нь Монголоос хэр өөр байсан бэ? 

  -Япон хэлний мэдэгдэхүүн юу ч байхгүй явсан болохоор анх бусадтай харилцаа тогтооход ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байсан.Тухайн үед англи хэлээр хүнтэй харилцах хэмжээний сайн биш байсан болохоор яаж ийж байгаад япон хэлээр бусадтай харилцаа тогтоохыг оролдож эхэлсэн.  

Багш нарын тухайд Монголыг бодвол чанга хатуу санагдсан. Япон улсын ёс заншилд нэг насаар л ах эгч бол хүндлэх шаардлагатай болдог. Би анх тэрийг мэдэхгүйгээс болж багийн тоглогчдодоо их загнуулдаг байсан. Япончууд ёс заншил болоод өв уламжлал , ахмад настнаа их хүндэлж дээдэлдэг улс. Ялангуяа Японы ахлах сургуульд тэр дундаа спортын хүүхдүүд маш их ёс суртахуунтайн дээр багшийгаа бурхан мэт хүндэлж харьцдаг. 

                         

 -Япон соёл болоод сургуульдаа хэр удаж байж дассан бэ ? Гэр бүлээсээ хол бүх зүйлийг өөрийн шийдвэрээр хийхэд ямархуу байсан бэ? 

 -Ахлах сургуулийн Япон багш маань үхэх нь холгүй миний нүүрэн дээр тулж ирээд надад Монгол руугаа зайл гэж хэлдэг байсан. Тэр үед хүүхэд насны шар гэдэг зүйл их хөдөлдөг байсан болохоор “ За ёстой намайг чадахгүй гэх тусам нь будааны хүүхдүүдтэй нэгийгээ үзэлцэнэ ээ” гэж дотроо бодоод их хичээдэг байсан. Хичээл болон бэлтгэл дээр байнгын завгүй, бэлтгэл сургуулилттай байдаг байсан болохоор утсаа оролдох боломж гардаггүйн дээр дотуур байрны интернет 23:00д тасардаг байсан болохоор гэр бүлтэйгээ холбогдодгүй байсан. Сардаа нэг удаа л утсаар ярьдаг байлаа. Өөрөө шийдвэр гаргах гэхээсээ илүү тухайн үед шарандаа автагдаад боломжгүй зүйлийг ч боломжтой болгохыг хичээдэг байсан юм шиг одоо надад санагддаг. Тэгээд нэг мэдэхэд жил хүрэхгүй хугацаанд аль хэдийн дасчихсан байсан. 

 
 -Би Монгол хүн гэж хэлэхэд Япон хүмүүс яаж хүлээж авдаг вэ?  

 -Би Монгол хүн гэхээр “Сумо сан” гээд л ирдэг. Анх баярлаад л өө тийм тийм гэдэг байлаа. Одоо бол өөр бодолтой болсон. Яагаад дан ганцхан сумогоороо л япончуудад танигдсан байх ёстой гэж, сэтгэн бодох чадвар, IQ-ны хувьд Монгол хүн Япон хүнийг бодвол их өндөр шүү дээ. Монголчууд биднийг орчин л дараад байгаа юм болов уу. Японд бол хувь хүний хөгжил болоод хүний амьдрах орчинг ихээхэн анхаарч үздэг. Харин Монголд олонхоо дагаад назгайраад байх үзэгдэл их анзаарагддаг. Тэр нь надад жоохон харамсалтай санагддаг. Би их сургуулиа төгстөл Монгол найз нөхдийн хүрээлэлгүй байсан. Одоо бол өмнөхөө бодвол олон монгол залуустай танилцсан. 

 -Японы ахлах сургуулийн шигшээ багт байхдаа олон сэтгүүл дээр гардаг байсан гэж сонссон. Ямар, ямар амжилтыг үзүүлж байв?

 -Японы ахлах сургуулийн шигшээ багт гурван жил тоглосон. Эхний жилээсээ  гарааны 5-д багтаж чадсан. Манай баг хотынхоо шилдэг дөрвөн багт ордог хүчтэй баг байсан. Сэтгүүл дээр гарч байсан. Тэр нь “InterHigh” гэдэг нэртэй тэмцээнтэй холбогдуулан хийдэг байсан хотын шилдэг багуудыг танилцуулдаг сэтгүүл байсан.  


 

 -Одоо Японд ямар ажил хөдөлмөр хийж байна вэ? Сагсан бөмбөгөө тоглосон хэвээр байгаа юу? 

 -Би “Japan Aviation University” олон улсын агаарын тээвэр, онгоцны үйлчлэгч мэргэжлээр сурч төгссөн. Одоогоор “Tokyo Haneda’’ олон улсын нисэх онгоцны буудалд ажиллаж байна. Сагсан бөмбөгөө одоогоор тоглохгүй байгаа ч ирээдүйд Монголд шигшээ баг бэлтгэж гаргах хүсэлтэй байдаг. 

   

 

-Цалин болоод амьжиргааны өртгийн хувьд Японд ямархуу байдаг вэ? Цагийн ажил хэр олдоцтой байдаг вэ? 

 -Цалин бол яг амьдарлаа аваад явахад боломжийн хүрэлцээтэй байдаг. Өртгийн хувьд бол их өндөр. Мөнгө хуримтлуулахад Солонгос улсыг бодвол их хэцүү санагддаг. Харин боловсролын хувьд их боломжийн санагддаг. Гэхдээ хүн хүнээсээ л хамаарах байх. Хэр их хичээж зүтгэнэ тэр хирээрээ л ашгаа өгдөг улс. Хэлтэй бол цагийн ажил их олдоцтой байдаг. 

 -Мэргэжлээрээ ажиллахаас гадна өөр ажил хийж байв уу? Сагсан бөмбөг тоглохоос өөр хийх дуртай зүйлс байдаг уу? 

 -Би ер нь их давитаргүй хүн. Хаана ямар боломж байна, тэрэнлүү гүйгээд л очдог. Моделийн туршлага юу ч байхгүй хэрнээ хийж үзэхээр дуртай болдог юм байна лээ. Тэгээд нэг дуртай болчхоороо ахиад нэг байна гэхээр нь шууд л тэгье гээд гүйгээд очдог. 

          

  -Шантрах гутрах үедээ яаж тэрийгээ даван туулдаг вэ?

-Би айлын том хүүхэд. Би шантарвал миний дүү нар намайг хараад яах бол гэсэн айдас надад байдаг. Тиймээс үргэлж өөртэйгөө тэмцээд дайтдаг болохоор хэцүү зүйл ч байсан давчихдаг юм шиг ээ… Нэгэнт л хийе гэж бодоод эхлүүлээд, тэр замаараа явж байгаа нь би өөрөө болохоор өөрийн хариуцлагаа ухамсарлаад , би одоо тэгнэ дээ гээд бодоод, төлөвлөчихсөн явдаг. Энэ ташрамд гэр бүлдээ болон багш нартаа маш их баярлаж, найз нөхдөөрөө бахархаж явдаг аа хэлэе.

-Төлөвлөчихсөн явдаг гэж ярилаа. Ер нь өдөр тутмын хийх зүйлсээ хэрхэн төлөвлөдөг вэ? Өөрийн тань нэг өдөр яаж өнгөрч байна вэ? 

-Би өдрөөр биш хийх зүйлсээ сараар нь төлөвлөдөг. Одоогоор цар тахлын нөхцөлөөс болж чөлөөт цаг өмнөхөө бодвол гардаг болсон гэж хэлж болно. Одоогоор өөрийн page хуудсаа хөтлөөд хажуугаар нь ажлынхаа холбоотой мэдээллээ цуглуулаад явж байгаа. 

         

-Ямар нэртэй page хөтлөн явуулдаг вэ? Яагаад page хөтлөх болсон бэ?

-“Ypon hel surtsgaay’’ гэдэг нэртэй page хөтөлдөг. Нэг ч гэсэн хүнд нэмэр болоод, мэдлэг өгч байвал өөрт маань гоё санагдан түүнээсээ урам авдаг учраас би сурч мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах дуртай байдаг. ONLINE  хичээл төлбөртэй байдаг болохоор хүмүүс тэр болгон сууж чаддаггүй юм шиг санагддаг. Нэг өдөр надад сонирхолтой,хөгжилтэй маягаар үнэ төлбөргүй бусадтай мэдсэн сурсанаа хуваалцъя гэдэг бодол орж ирээд шууд page хаягаа нээсэн. 

                        

 

 -Япон явж суралцахаар зэхэж байгаа оюутан залууст өгөх зөвлөгөө

 -Хамгийн түрүүнд япон хэл болоод өөрийн эх хэл, Монгол ёс заншлаа сайн мэддэг болоод ирэх хэрэгтэй юм шиг санагддаг. Япон хүн “Монгол ямархуу улс вэ? ёс заншлуудынхаа талаар яриа ч ”гэх мэтчилэн түгээмэл асуудаг. Тэдгээр асуултад нь сайн хариулаад, Монголоо сайн сурталчилдаг байхад чамайг үнэлэх япон хүний үнэлэмж нэмэгддэг. Мөн яг яах гэж ирж байгаа өөрийн зорилго, мөрөөдлөө тодорхойлоод ирвэл зам нь хэзээ ч хазайхгүй ээ.

  -Мөрөөдөлдөө хөтлөгдөөд Япон улсыг зорьсон гэж ойлгосон, ер нь эх орондоо ирж амьдрах төлөвлөгөө байгаа юу?

-Миний мөрөөдөл Японы номер нэг Airlines компанид орох байсан. Гэхдээ одоо бол Монгол явах миний мөрөөдөл болсон. Залуу насан дээрээ Монголын нийгэмд өөрийн хийж, бүтээж чадах зүйлсээ хийхгүй бол нас ахисан хойноо Монголд очиж хийж, бүтээнэ гэхээр чадамж маань буурчих юм шиг санагддаг. Одоогоор бол ONLINE-аар ч болтугай өөрийн зүгээс хийж чадах зүйлээ бусдад түгээе гэж боддог. Мөн энэхүү нийтлэлийг уншаад хамтран ажиллах хүсэлтэй хүн байвал холбогдоорой гэж хэлмээр байна. 

 -Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэе!

 -Намайг сонгон урьж оролцуулсан танай хамт олонд бас баярлалаа.