Гайхамшигт амьдрал

Надад Мөрөөдөл Бий

Надад Мөрөөдөл Бий
Энэ удаагийн “Гайхамшигт Амьдрал” булангийн зочноор Австри улсад сурч, ажиллаж, амьдарч буй хөдөлмөрч эмэгтэй болох Гэгээгийн гайхалтай хүсэл мөрөөдлөөс  та бүхэнтэйгээ хуваалцаж байна.  
 
 
- Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та Австри улсад ажиллаж, амьдраад хэдэн жил болж байна вэ? Та юун түрүүнд бидэнд өөрийн хийж буй үйл ажиллагаа болоод өөрийнхөө талаар товчхон танилцуулна уу.
 
-Та бүхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Гэгээ гэдэг. Би Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг багш мэргэжлээр, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Австри улсад ажиллаж , амьдраад дөрвөн жил болж байна. Одоогоор мод тарих “Ногоон зүрх” аянаа өрнүүлээд үйл ажиллагаа маань маш бүтэмжтэй явж байгаа. 
 
-Яагаад заавал мод тарих “Ногоон Зүрх” аян өрнүүлэх болов? 
 
- Би Европ болоод дэлхийн олон улс орноор  аялсан. Европын төвд байрладгаараа Австри улс Европ даяар аяллын гараа эхлүүлэхэд хамгийн тохиромжтой улс гэж хэлж болно. Би ингэж аялж явахдаа байгалийн гоё сайхныг бишрээд, үзээд явдаг ч эх орон минь жилээс жилд цөлжилтөд нэрвэгдэн ган зуд их болж, мод багасаж байгаа нь миний сэтгэлийг маш их эмзэглүүлдэг. Би маш том мөрөөдөлтэй хүн. Тэр нь эх орноо энэ өндөр хөгжилтэй орнуудын хажууд аваачихгүй ч өөрийн чадах чинээгээр ногоон болгоод, эрүүл орчинг бүрдүүлнэ гэсэн хүсэл. 

                              
Австрид ногоон байгууламжгүй газар гэж байдаггүй. Австри улс онгоцноос яг л бичгийн цагаан цаасан дээр бүдэг ногоон, тод ногооноор дөрвөлжин, дөрвөлжин хайрцаг зурсан мэт харагддаг.Би монгол орноо яг тийм ногоон болоосой гэж хүсдэг. 
 
Би найзууддаа өөрийн мөрөөдлөө хэлсэн. Бид тэртээ тэргүй агаараар амьсгалдаг, байгаль дэлхийгээс авдаг зүйлээ буцаагаад бид өөрсдийн хийж чадах зүйлээр залуу насан дээрээ мод тарин өөрсдийн хувь нэмрээ оруулъя гээд ярилцсаны үндсэн дээр “Ногоон Зүрх” аяныг зохион байгуулахаар сэтгэл шулуудсан. Бид найзуудаараа нийлэн өөрийн гараар зурсан зургаараа лого хйиж, дэлхийд гуравхан байдаг фодволкыг өөрсдөө хийж өмссөн. Цаашид бид “Ногоон Зүрх” аянаа улам өргөжүүлж олон хүмүүсийг хамруулан тогтмол хийх төлөвлөгөөтэй байгаа. Жил болгон хавар, намар дэлхийн өнцөг булан бүрт тархан сууж байгаа монголчуудыгаа мөн залуучуудыгаа бид уриалж энэ үйлсэд нэгтгэе гэсэн хүсэл зорилготой байна. 
 
                        

                        


-Таны мөрөөдөл хэр биелэлээ олж байна даа?
 
-Хамгийн эхний зохион байгуулсан ажил маань найзуудаа уриалаад Баянзүрх хайрхан дээр 200 мод амжилттай тарьж суулгасан. Мөн Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 5886 мкв талбайд 780 ширхэг мод суулгах модны суулгацын мөнгийг “Ногоон зүрх” аяныхаа хүрээнд амжилттай зохион байгуулж, мөнгийг нь бүрэн цуглуулан шилжүүлсэн байгаа. Мөн Өвөрхангай аймгаас 3 км зайд орших Дайрганы голын ойролцоох 5 га газрыг моджуулах аяныг амжилттай зохион байгуулсан. Энэ аянаа хоёр найз болох Уянга, Баасансүрэн нартайгаа хамтарч Австри дахь монголчуудын дунд 2021 оны 5 сарын 8-нд “Aлхалт Гүйлтийн Эрүүл Мэндийн Өдөрлөг” зохион байгуулж, уг өдөрлөгт багаар оролцсон хүмүүс маань багийн бүртгэлийн мөнгөө мод тарих үйлсэд хандив болгож өгөхөөр зохион байгуулсан. Уг өдөрлөгт Австрийн Монголчууд маань маш идэвхтэй оролцож, бид цаашдаа Австрийн Монголчуудын төгөл гэж байгуулахаар ярилцаж байгаа.

                            

                         
 
Ингээд нийтдээ “Ногоон Зүрх” аяны хүрээнд дөрвөн газрыг моджуулах аян маань амжилттай явагдаж нийт аяны хүрээнд 2600 орчим модны мөнгө буюу 13 592 000 төгрөгийн хандив цуглаж холбогдох хүмүүс рүү шилжүүлсэн байна. Дараагийн маань том ажил бол Улаанбаатар хотод байрлах Өлзийт хороололын ахмадын өдөр өнжүүлэх газрыг мод тарьж, тохижуулахаар бэлдээд байна. 

                              

                           


-Яагаад заавал ахмадын өдөр өнжүүлэх газрыг мод тарьж, тохижуулахаар болсон бэ ?
 
-Маш олон хүмүүс хаана ямар мод тарих вэ, хэнтэй холбогдох вэ, мод таримаар байна гэж их сурагладаг. Энэ хэрээр надтай ч мөн маш олон хүмүүс холбогдсон. Ингэхдээ хашаа байхгүй, усжуулалт нь тодорхойгүй, хариуцаж хамгаалах хүмүүс нь тодорхойгүй тийм хүмүүс байсан. Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь хүмүүс бидэнд хашаа байна, та нар модыг маань аваад өгчихвөл бид худгаасаа усална аа гээд тодорхой зүйл ярьсан учраас сонгосон. Яг үүнтэй адилхан ахмадын газраас бас нэг эгч надтай холбогдсон. Эгч нь өөрөө байшингаа барьж, өөрөө сүүдрэвчээ барьсан, надад газар нь бэлэн, нүхээ ухаад бэлдчихсэн. Даан ч одоогоор мод байхгүй, хүчин чадал маань ч хүрэлцэхгүй байна. Олон газар луу хүсэлт явуулсан ч хэн нь ч нааштай хариу өгөөгүй. Хэрэв чамайг манайд анхаарлаа хандуулж тусална гэвэл эгч нь бүх чадлаараа усалж ,хайрлаж, хамгаална гэсэн болохоор Өлзийт хороололын ахмадын өдөр өнжүүлэх газрыг би хөгшин ээж, аавынхаа гэгээн дурсгалд зориулж тохижуулахаар болсон.Надад тэр хүний ярьж байгаа нь мод тарихын төлөө ингэж их хичээж, олон газар луу хүсэлт явуулан үнэхээр нэг ширхэг ч болов мод тарьж, хийж бүтээхийг хүсч байгаа хүн гэдэг нь хандлагаас нь мэдрэгдсэн.
 
-Ярилцлагыг маань шимтэн уншиж буй залууст юу хандаж хэлмээр байна вэ?
 
- Миний бие энэ аяныг залуучууд бусдад тустай, сайхан зүйлсийг санаачилж сэддэг ,бие биенээ сайн зүйлд уриалж дэмждэг байгаасай гэсэн хүсэл дээр “Ногоон Зүрх” аяныг санаачилсан. Тиймээс залуучууд маань ярьдаг биш хийдэг байгаасай, хийж буй үйлдлээрээ нэгнийгээ сайн сайхан зүйлд уриалдаг байгаасай гэж хэлмээр байна.