Гайхамшигт амьдрал

Би яг л өөрөө аав болчихсон юм шиг санагдсан

Би яг л өөрөө аав болчихсон юм шиг санагдсан

Манай Khanlig.info “Гайхамшигт амьдрал” булангийн энэ 7 хоногийн дугаараар амьтанд хайртай залуусын өхөөрдөм нохойнуудыг онцолж байна. 

 
 
Нохойн эзэн: Гантулга
Нохойн нэр: Лебо
Нас: 5-н сартай
Оршин суугаа хаяг: Cайншанд

 
 Аав, ээж хоёр гэртээ амьтан тэжээе гэвэл зөвшөөрөхгүй гэдгийг багаасаа мэддэг байсан болохоор тусдаа гарахаараа заавал нохойтой болно гэж боддог байлаа. Сургуулиа төгсөж ирээд одоо Монголд мэргэжлээрээ хөдөө ажиллаж байна. Миний үеийнхэн аль хэдийн гэр бүлтэй болоод амьдралаа зохиочихсон. Хамт ажилдаг найзуудынхаа гэрт орохоор хөөрхөн хүүхдүүд, гэрийн халуун хоол, эхнэр нь угтдаг.Тэр үед найзуудыгаа хараад битүүхэн атаархдаг байлаа. Тухайн үедээ маш их ганцаардаж мөн нохой тэжээх нөхцөл нь бүрдчихсэн байсан болохоор ер нь л нохойтой болъё гэж шийдээд хөөрхөн герман немцийн гөлөг худалдаж авсан. Нохойгоо хараад өгөх нэр олдохгүй, Леброн Жемсийг хувьдаа дэмжиж явдаг болохоор хайртай шүтээнийхээ нэрний дөрвөн үсгийг нь эвлүүлээд Лебо гэж нэрлэсэн. 
 
Анх Лебо маань манайд ирэхдээ нүдээ ч нээгээгүй жижигхэн хөөрхөн амьтан ирсэн. Энэ хорвоод нүдээ нээгээд хамгийн анх харсан хүн нь би. Тэгээд өөрийгөө нохой гэдгээ мэдэхээ байгаад намайг өөрийнхөө аав, ээж л гэж боддог болчихсон. Эхэндээ яг нялх хүүхэд шиг асаргаатай бас маш их мэдрэмж, хариуцлага шаардаж байсан. Би яг л өөрөө аав болчихсон юм шиг санагдаж байсан шүү.
 
                                                 

Одоо томроод маш амар болсон. Манай Лебо миний өмсөж хэрэглэдэг бүх юманд дуртай. Миний гутал, миний өмд, миний идэж байгаа хоол гээд л… 



                                                     
 Лебо хамгийн хайртай 2 зүйлтэйгээ хамт байгаа нь….


                                                     
 Намайг ажлаасаа хурдан тарж ирэхийг хүлээн суух Лебо...
 
 
                                                     
Лебог хамгийн жаргалтай болгодог зүйл нь намайг гэртээ ирэх мөч...


 
Лебо-гийн IG хаягийг линкээр оруулав - https://www.instagram.com/lebo2020k/
 
 
Нохойн эзэн: Билгүүнжаргал
Нохойн нэр: Puppy 
Нас: 1 
Оршин суугаа хаяг: Улаанбаатар
 
 Би багаасаа нохойд хайртай нохойтой яг л хүүхэд шиг харьцдаг байсан. Тэгээд нэг өдөр “Азтай савар ТББ” фасебоок групп дээр spaniel үүлдрийн нохойг олсон, үрчлэх хүн хайж байна гэсэн зар хараад холбогдсон чинь өөр хүн хараахан авъя гэж хэлээгүй байна гээд тэгээд л маш азтайгаар нохойтой болсон доо. Том болчихсон нохой авсан болохоор санасныг бодоход арчилгаа бага шаардаж байсан. Анхандаа гэрт шээж, баах, хөтөлгөөнд явж сураагүй чирч гүйх, гар хөл хазах бэрхшээлүүд байсан ч одоо бол бүгд засарсан. Манай нохой орон дээр унтах, хоосон ундааны саваар тоглох, хаа явсан газар дагаж явах бас сул салхилах дуртай. Puppy маань гэр бүлийн уур амьсгалыг илүү дулаан болгож, жинхэнэ аз жаргалыг манай гэр бүлд бэлгэлдэг. 
 

                                     
 Орон дээр гаргаагүй гээд гомдож байгаа нь…
 

                                      
Яг л нэг настай хүүхэд шиг манай гэр бүлийн ганц хайр нь шүү…
 
 

Нохойн эзэд: Дарьсүрэн, Цогтбилгүүндарь
Нохойн нэр: Kazuma Kiryu
Нас: 2
Оршин суугаа хаяг: АНУ

 
 Япон нохой болохоор өөрсдийнхөө дуртай Japanese character-аар нэрлэсэн, товчлоод Kaze гэж өхөөрдөн дууддаг. Тэр нь Японоор салхи гэсэн утгатай. Би багаасаа л амьтанд маш их хайртай, нохой маш эгдүүтэй санагддаг байсан болохоор нохой тэжээсэн. Ээж маань харшилтай байсан болохоор багадаа амьтан тэжээх боломжгүй байсан. Харин нохой тэжээх завшаан АНУ-д ирээд бүрдсэн гэж хэлж болно. Яг сургуулиа төгсөх гээд нэлээн ачаалалтай үед нохой маань стресснээс сатааруулж, сэтгэл санааг өөдрөг болгож өгдөг байсан. 


                                         
  Хааяа их өхөөрдөм царай гаргана аа...
 
                                         
                                             
 Байгалийг үнэн сэтгэлээсээ мэдэрч буй Kaze


                                         

Манай нохой байгальд алхах дуртай. Ер нь гадаа л алхаж, гүйж байвал хамгийн жаргалтай нь байдаг. Тийм болохоор бид хоёрыг ч бас нэлээн гадуур алхуулж, агаар салхинд гарч алхах дуртай болгосон шүү. 
 
 Kaze-ийн IG хаягийг линкээр оруулав- https://www.instagram.com/kazetheshiba/
 
 
Нохойн эзэн: Урангоо
Нохойн нэр: Wanda
Нас: 2 нас хагас
Оршин суугаа хаяг: Улаанбаатар
 
 Би өөрөө Marvel DC-ийн fan болохоор Wanda Maximoff-ийн нэрнээс санаа авч нэрлэсэн. Анхны нохой маань Harley гэдэг нэртэй. Өвөөгийн хашааг мануулах гэж авсан гөлөгийг арай жоохон том болтол нь хэдэн сар манайх гэртээ байлган харж өгсөн юм. Хавар дулаан ороход овоо том болсон гөлөгөө өвөөгийнх рүү явуулахад бүүр дасчхаад сэтгэл хөндүүрлээд, сэмхэн араас нь уйлж билээ. Түүнээс хойш түр харах биш яг авч үлдээд, ханатлаа хайрлах нэг хөөрхөн амьтантай болмоор санагдаад болдоггүй. Гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад "Азтай савар"-т үүрдийн эзэн хайсан нялх амьтад мундахгүй байгаа юм чинь тэндээс л нэгийг авчихъя гэж шийдсэн. Тэгтэл яг нэг хүн 5 билүү 6 эр гөлөг, нэг эм гөлөг байна, үрчилж авах хүн байна уу гэсэн пост оруулсантай таараад шууд л гөлөг авъя гээд чат биччихсэн. Охин гөлөг ер нь их өрөвдмөөр. Хүмүүс нохой авах болохоороо эр гөлөгийг нь л шилж аваад эм гөлөгнүүд нь гологддог болохоор би шууд "охин гөлөгийг нь авъя" гээд л авчихсан. Анх ирээд айж зугтаад, хөөрхийд хэцүү байсан ч хэд хоноод л дасчихдаг юм билээ. Одоо бол манай гэрийн бага хүүхэд л гэсэн үг, Wanda-гийн хамгийн хайртай хүмүүс нь ч манай гэр бүлийнхэн.

                                                

Манай нохой эрх дээрээс нь их нялуун. Өөрийг нь оролцуулахгүй хоорондоо л нялуураад байвал дундуур яг л бух шиг дайрч орж ирээд долоогоод л, наалдаад л эрхэлж өгнө дөө. Манай Wanda-д тоглох дуртай хэд хэдэн тоглоом байдаг. Тэдэн дундаасаа бөмбөгнүүдээрээ хамгийн их тоглоно. Гэхдээ ганцаараа тоглох хамгийн дуртай, цуг тоглох гээд бөмбөгийг нь шидэж өгөх гээд авахаар цаашаа харамлаж авч яваад, ганцаараа л өнхрөөд тоглоод байдаг. Чихмэл тоглоомыг бас найзаа гэж боддог юм уу яадаг юм, даан ч байсан хэдэн чихмэлээ хөвөнг нь гартал ураад хаясан. Нохой ер нь яг жаахан хүүхэд шиг, өөрт хортой юмыг ч ялгахгүй идчих гээд байдаг. Манай гэрийнхэн юу идэж байна тэр болгоноос горьдоод л хөөрхөн хараад суучихдаг. Бид хааяа л амсуулах төдий л нохойдоо өгдөг. 
 
Бид Wanda-гийн IG хаягийг асуутал: “Манай нохойд байтугай надад ч IG хаяг алга” гэсэн учир бид Wanda-гийн зарим  зургуудаас та бүхэнтэйгээ хуваалцаж байна. 
 
                                                 
Wanda багадаа...


                                                  
Багаасаа их сонин байрлалтай унтдаг байсан. Гэхдээ бүх нохой ингэж унтдаг юм билээ. Заримдаа их сонин, сонин газар очиж унтдаг. Жишээ нь миний хүзүү, толгой дээр, энгэр дээр, хөлөн дээр гэх мэт…
 

                                              
 Хүн шиг бас сүүн шүд нь унадаг юм байна лээ.
 
 
                                              
 Манай аав намайг байхгүйд усанд оруулсан байсан...
 
 
                                             
Үс нь ургачихвал жинхэнэ сэгсээхэй болно. Харин үсээ авахуулчихвал төрөл арилжсан юм шиг өөр болчихдог. 
 

                                                 
  Сүүлийн зурган дээр гэнэт цочиж сэрээд байж байгаа нь… Чих нь босчихсон..
   

                                                  
Аягүй өрөвдөлтэй нүдээр харж байгаад гэнэт архирдаг. Манай нохой хааяа их жүжигчин л дээ..
 
 
 
                                                     

 Эцэст нь энэ бол манай нохойны эцэг эх нь. Багадаа нэлээн бараан, хар үс нь давамгайлж байснаа томрох тусмаа цагаан шар үс нь нэмэгдээд одоо саарал болчихсон. 

                                                     
 
 -Энэ хөөрхөн зургуудийг хараад нохой авахаар зэхэж буй хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ ?
 
-Зарим хүмүүс нохой авчхаад тэжээж чадахгүй төөрүүлчихдэг. Насан туршид нь тэжээж чадахгүй бол анхнаасаа сэтгэлийн хөөрлөөр гөлөг, муужгай аваад амьд амьтан хохироохоо болих хэрэгтэй.  Хохироож байгаа амьтнаа боддоггүй юм бол ядаж өөрсдийнхөө, үр хүүхдүүдээ бод. Үйлийн үр гэж нэг үсний ширхгээс ч нарийн тоологддог, үхэж биш заавал эдэлж барагдуулдаг айхтар юм байдаг шүү. Амьтан тэжээх гэж яарахаасаа өмнө эхлээд сайн судлаарай.