Монгол орон даяар корона вирустэй
холбоотойгоор хөл хорио тогтоосон энэ үеэр
Clubhouse-ийн залуус нэгдэж Баянзүрх хайрханд
1000 мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэхээр болжээ.
Энэ долоо хоногийн “Гайхамшигт Амьдрал” булангийн
зочноор уг хөдөлгөөний санаачлагыг дэмжигч
Төмөрчөдөртэй ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-Та манай уншигчдад өөрийгөө эхлээд товч танилцуулахгүй юу.
-Намайг Гэрэлт овогтой Баатархүүгийн Төмөрчөдөр гэдэг. Одоо эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. “Альфа стормс” бичил компанийг эрхэлдэг. Манай компани хэвлэл, онлайн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Яагаад мод тарих хөдөлгөөн өрнүүлэх болсон бэ?
-Надад мод тарих болсон гурван шалтгаан байгаа. Би өөрөө аялах маш дуртай. Зундаа хөдөө явж загасчлахаас авахуулаад эх орныхоо өргөн уудам, үзэсгэлэнт газар нутгаар байнга явдаг. Сүүлийн жилүүдэд ингэж аялж явах үед цөлжилт хаа сайгүй ихсэж, тэр дундаа хангай нутагуудаар бэлчээрийн талхлагдал,
ойгүйдэл ихэссэн нь ажиглагдсан.Хоёрдугаарт миний итгэл үнэмшил. Байгаль дэлхийг анх ямар байсан тэр хэмжээнд нь эргүүлээд аваачихгүй ч тэрлүү нь дөхүүлэх хэмжээнд аваачих шаардлагатай гэж Библийн сударт заасан байдаг. Хүн энэ амьдралдаа заавал хийх ёстой гурван үйл байдаг нь үр удмаа үлдээх , ном туурвих, мод тарих гэлцдэг шүү дээ.Гурав дахь шалтгаан бол миний аав ээж хоёр нэлээн эрт өөд болсон. Аав ээж хоёрынхоо дурсгалд зориулж мод тарьж эхэлсэн.
-Зөвхөн энэ жил мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа юу? Уг хөдөлгөөнд одоогоор хэдэн залуус нэгдээд байгаа вэ?
-Би сүүлийн хоёр жил мод тарьсан. Сүүлийн үед сошил платформ нэг талаараа маш их давуу тал үүсгэж байгаа. Хүмүүс өөр өөрсдийн хүрээнд нөхөрлөл үүсгээд, найзалдаг найзуудаараа мөн фасебоок дэх группынхаа сонирхол нэгт бүлгээрээ нэгдээд, харилцаа үүсгээд явж байгаа нь нийгэмд маш том нөлөөллийг бий болгож байна. Тэр утгаараа залуучууд яг ийм хөдөлгөөн үүсгээсэй гээд анх би Clubhouse дээр “Дагалцъя” өрөөнд дор бүрнээ хоёр нь хоёр, гурав нь ч гурав гэлтгүй мод тариад эрүүл орчинг өөрсдөдөө бий болговол гэдэг санааг сэдэл өгөх зорилгоор хуваалцахад маш олон залуус хамтрахаар холбогдсон. Одоогийн байдлаар дөч гаруй залуус яг гар бие оролцон мод тарихаар clubhouse-ийн fullhouse өрөөнд нэгдээд байна. Хэрэв хөл хорио 5 сарын 8-нд тавигдвал 5 сарын 15-нд Баянзүрх Хайрхан дээр 1000 мод тарихаар Байгаль орчны яамтай яриад тохирчихсон.
-Нэг хүнээс хэдэн төгрөг гарч байгаа вэ? Хөрөнгө, мөнгөний хувьд хэрхэн зохицуулалт хийж байна вэ?
-Хувь хүнээс бол зардал гарахгүй. Байгаль орчны яам маань суулгацаа өгч байгаа. Mодоо суулгах нүхээ ухаад бүх зүйлээ бэлдчихсэн. Зөвхөн өдрийн хоол хүнсний тухайд хүмүүс маань өөрсдөө зохион байгуулалтаа хийхээр нөөц боломжоо ярилцаж байна. Бид нарын зүгээс очоод, суулгацаа суулгаад шороог нь булаад, услах л хэрэгтэй. Мод тарих хөдөлгөөнд гадаадад суугаа монголчууд нэгдэх санал гаргасан. Тэд маань мөнгөн хандив өгөхөөр санал өгөөд байгаа.
-Баянзүрх хайрхан дээр ямар мод тарих вэ? Арчилгаа, усалгааг хэрхэн хийхээр төлөвлөж байна вэ?
-Дандаа шилмүүст мод тарина. Хамгийн урт насалдаг, том хэмжээтэй болж ургадаг мод ч гэлээ арчилгаа маш их шаардагддаг, нэг үхчихвэл буцаж сэргэх магадлал маш муу байдаг. Хүмүүс цаг зав, хөрөнгө мөнгөө гаргаад очдог арчилгаа дутмагаас үхчих вий дээ гэсэн санаа зоволтууд бидэнд нэлээн байсан. Тэгээд энэ тал дээр нь fullhouse өрөөний модераторууд маань санаачлан төлөвлөөд явж байгаа. Мөн Байгаль орчны яам менежмент, арчилгааны хувьд хамтраад туслалцаа үзүүлэхээр болсон. Дараа жилийн тухайд бид ургах магадлал өндөртэй, бага арчилгаа шаарддаг улиас гэх мэт моднууд тарихаар ярилцаж байгаа. Уул нь шилмүүст мод таривал их зүгээр. Даан ч бид өөр өөрсдийн гэсэн ажил төрөл, хичээлтэй хүмүүс учраас байнга арчлаад яваад байх боломж дутмаг.
-Аливаа ургамалд үндэс маш чухал гэдэг. Суулгацын үндсийг нь хэрхэн гэмтээхгүйгээр тарих вэ?
-Анхны жилийн тарьсан моднууд маань маш сайн ургасан. Дараагийн жил нь Баянгол дүүргийн 4-р хорооны цэцэрлэгийн хашаанд 60 см-тай суулгац авч суулгаж байсан. Тухайн үедээ оройтож суулгаснаас болсон уу үндсийг нь шалгаж аваагүйгээс ч болсон уу бараг суулгасан модны 60% нь үхсэн. Одоо бол бид cуулгацын үндэс салаалсан чийглэг байна уу, үйс нь шалбарч гэмтээгүй, өвчин хортонд нэрвэгдээгүй, нахиа нь ургах хугацаанаасаа өмнө задраагүйг сайтар ажиглаж хардаг болсон. Мөн мод тарих тааламжтай хугацаа нь ирж буй учраас энэ жилийн тарих мод сайн ургана гэж найдаж байгаа.
-Та сүүлийн хоёр жил мод тарьсан гэлээ. Хоёр жилийн хугацаанд хичнээн мод тарьсан бэ?
- Нэгдэж байгаа залуучууд маань ихэнх нь оюутан байдаг болохоор тав нь тав, арав нь арван мянга гэлтгүй цуглуулаад хандиваа бүрдүүлдэг. Нэг удаа хамгийн дээд тал нь 200 мянган төгрөг цугларч байсан юм байна. Одоогоор нийслэлд 100 гаруй мод тарьсан, ингэхдээ бид дандаа арчилгаатай газруудыг олж байгаад суулгадаг.Бид тарьсан модныхоо тоон дээр ач холбогдол өгдөггүй. Хамгийн гол нь мод тарихыг залууст уриалж, цаашаа хөдөлгөөн болгоод явах сонирхолтой. Хавар, намартаа юм уу жилдээ нэг удаа нэг ширхэг ч мод байсан хамаагүй тарьдаг ийм уламжлал монгол хүнд бий болчихвол бид маш олон асуудлыг шийдэж чадна.
Мөн бид энэ жил Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудад мод тарьж өгөх ажил эхлүүлээд, эхнээсээ айлуудтайгаа яриад тохирчихсон байна. Зарим айлууд хашаандаа мод тариулах сонирхолгүй байдаг юм билээ. Бид нар ажлын хөлсийг тооцдоггүй.Тухайн өдрийн мод тарих ус хамгийн багадаа 20 литр, нэг портер хар шороо 120 мянган төгрөг ойролцоогоор 100 орчим нүхэнд хэрэглэгдэнэ гэж бодно. Хамгийн хямдхан суулгац 2500-3500 төгрөгийн хооронд байдаг. Үнэхээр хашаандаа мод тариулах сонирхолтой цаашлаад өөрсдөө модоо арчлаад, аваад явах хүсэлтэй айлууд бидэнтэй холбогдоод хамтарч ажиллаж болно.
-Гэр хорооллын айлуудад ямар мод тарьж өгөх вэ?
- Бид өөрсдийнхөө дотоод нөөцөөр хийдэг болохоор нөөцдөө тааруулан хийж өгнө. Гэхдээ иргэд эхлээд газраа бэлдэх хэрэгтэй. Тухайн үеийн нөөц магадгүй гурван нарс, арван ширхэг жимсний бут байлаа гэж бодоход айл маань хашаагаа дагуулаад модоо тариулмаар байна гэвэл тариад өгч болно. Монгол улсын иргэн хүний хувьд нийгмийн өмнө бидэнд хүлээсэн хариуцлага, үүрэг гэж байгаа. Өнөөдөр нийслэл хотод утаа, агаарын бохирдлын асуудал ярианы гол сэдэв байсан хэвээр байна. Ядаж гэр хороололд амьдардаг өрх бүр хашаандаа мод тарьчихвал энэ асуудлуудыг бага ч болов хөнгөлөх болов уу гэсэн үүднээс бид нийтийг сэдэлжүүлээд ийм хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм. Эрдэнэт хотод 10 жилийн өмнө айл өрх бүрийг хашаандаа нэг мод тарихыг уриалсан юм байна лээ. Одоо 10 жилийн дараа хашаандаа мод тарьсан айлуудын мод маш том болоод ургачихсан хотоо чимж байгаа. Улаанбаатрын иргэд ч бас үүнээс үлгэр дуурайлал авах цаг нь болсон гэж бодож байна.
-Та бүхэнтэй хамтрах хүсэлтэй иргэд хэрхэн холбогдох вэ?
-5 сарын 15-нд Баянзүрх Хайрхан дээр мод тарих хөдөлгөөнд оролцъё гэж байгаа залуус clubhouse ашигладаг бол fullhouse гээд өрөөг дагавал хуваарь болоод бусад мэдээллүүдээ аваад бидэнтэй нэгдэх боломжтой. Харин хашаандаа мод тарих сонирхолтой иргэд миний фасебоок болоод утсаар холбогдож болно.
-Мод тарих тааламжтай үе ирж байгаатай холбогдуулан хүмүүст юу хэлж уриалмаар байна вэ?
-Мод тарьж ирээдүй хойч үедээ эрүүл ирээдүйг бэлэглэе.
-Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе.
-Аавынхаа дурсгалд зориулаад 108 нарс тарьсан залууг twitter дээрээс харж байсан. Зарим хүмүүс буян хийнэ гээд хавар шоргоолжны үүрэн дээр элсэн чихэр маш ихээр овоолоод асгачихдаг. Хэрэв бид жил болгон бурхан болсон хүмүүстээ зориулаад мод тарьчих юм бол энэ нь их ач холбогдолтой соёл болж тогтох болов уу гэж боддог. Монголчууд бид ихэнх нь бурхны шашинтай болохоор
энийг лам нар бас уриалаад өгвөл их зүгээр юм болов уу.
Төр засгаас бас мод тарьж буй хүмүүсийг татвараас хөнгөлнө ч гэдэг юм уу тийм хууль тогтоомж гаргачихвал Монгол маань 10 жилийн дотор ногоон Монгол болох боломжтой гэж боддог.
Манайд ШУТИС-ийн Сэрдамба гэдэг маш мундаг мод тарьдаг, уулыг ойжуулсан багш байгаа. Би тэр хүний хажууд мод тарьсан гэж хэлэхээсээ ч санаа зовмоор санагддаг. Түнхэлд бас уулын амыг бүхэлд нь ойжуулан 8 жил мод тарьсан миний нэг найз байдаг. Найз маань ууланд уначихсан байдаг модны боргоцойг түүж аваад, боргоцой нь хатахаар үрийг нь гаргаж авдаг. Тэр үрээ хүлэмжид суулган үрслүүлээд хавар мод тарьдаг. Тэгэхээр эдгээр мундаг мод тарих туршлагатай хүмүүстэй манай залуучууд холбогдоод илүү их мэдээлэл авах боломжтой шүү гэж хэлмээр байна.
Ярилцсан Б.Ундрал