Өнөө үед шивээс гэдэг хувь хүний өөрийгөө илэрхийлэх нэг арга хэрэгсэл болж түүгээр ч үл барам хүмүүс үгээр биш юу бодож санаж буйгаа шивээсээр илэрхийлдэг болжээ. Цаасан дээр биш хүний арьсан дээр зураг зурж, урлаг бүтээнэ гэдэг яах аргагүй торгон мэдрэмж, өндөр хариуцлага билээ. Энэ долоо хоногийн “Гайхамшигт амьдрал” булангийн онцлох хүнээр Шивээсний урлагийг Монголд хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй Монголын залуу шивээсчдийн төлөөлөл болсон 23 настай залуу уран бүтээлч Мөнхтулга буюу Tulga_inker-ийг онцолж байна.
- Энэ жил ямар шивээсийг залуучууд түлхүү хийлгэж байна вэ?
-2000 оны үед trend шивээс гэж байдаг байсан. Одоо бол тийм зүйл байхаа больсон. Хувь хүний сонирхол, чиг хандлагаас шалтгаалж хүн болгон өөрийн хүссэнээ шивүүлдэг болсон цаг үе. Ихэвчлэн хүмүүс гэр бүлийн зураг эсвэл өөртөө мотивац өгдөг үгнүүд гэх мэт жижиг шивээснүүдээс авахуулаад том шивээс гээд өдөр бүр янз бүрийн шивээс хийлгэж байна.
-Хэдээс хэдэн насныхан шивээс хийлгэхээр ирж байна вэ?
-Ихэвчлэн 18-30 насныхан шивээс хийлгэхээр ирдэг. Манай үйлчлүүлэгчид дунд 50аас дээш насны хүмүүс ч бас байдаг.
-Залуудаа шивээс хийлгэхээр хөгшрөөд муухай болдог гэж ярьдаг шүү дээ. Энэ талаар ямархуу бодолтой байдаг вэ?
-Монголд дээр үед цэрэгт, шоронд шивээсийг харандаа болон зүү гэх мэт энгийн зүйл ашиглаж нэг нэгэндээ хийдэг байсан. Тэдгээр хүмүүсийн шивээсийг харсан хүмүүс хөгширчхөөр шивээс ийм муухай болдог гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Тийм мэргэжлийн бус аргаар хийсэн шивээс он цагийн эрхэнд өнгө нь гандана, будаг нь ч стандарт шаардлага хангахгүйгээр хийсэн шивээс шүү дээ. Одоо бол чанартай будаг, зүү, машин гээд бүх хэрэгсэл нь эрүүл ахуйн түвшинд, стандарт шаардлага хангадаг болчихсон болохоор хөгширсөн ч гэсэн тэр хийлгэсэн шивээс нь яг тэр хэвээрээ байж чаддаг. Шивээс хийлгэсэн эхний хоногуудад арчилгаа маш чухал, мөн цаашдаа өөрөө тосолж тордоод байвал өнгө нь гандахгүй.
-Шивээсийг хүмүүс хувь заяанд нөлөөлдөг гэж их ярьдаг. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Шивээсний дүрс болгон л өөр, өөрийн утга учрыг илтгэж байдаг. Харин шивээснээс шалтгаалж хувь заяанд өөрчлөлт ордог гэдэг мухар сүсгийн зүйл дээр би ерөөсөө итгэдэггүй. Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэдэг шүү дээ. Хүмүүс тийм шивээсийг тэндээ хийлгэвэл ингэдэг, тэгдэг гэж их ярьдаг. Би бие дээрээ 30 гаруй шивээстэй. Мухар сүсэгтэй холбоотой өөрт ажиглагдсан зүйл одоогоор алга. Яахав хувь хүний сүсэг бишрэл, шашин шүтлэгээс шалтгаалаад өөр, өөр байж болох л юм. Тийм бодолтой явдаг хувь хүмүүс өөрсдөө сайн бодож, судалж байж шивүүлэх хэрэгтэйн болов уу.
-Гэр бүлийнхэн нь шивээсчин болно гэхэд яаж хүлээж авч байсан талаар ярилцлагаа үргэлжлүүлье.
-Анх маш дурамжхан байсан. Манай ээж, аавын үед шоронд суусан буруу гарууд л шивээс хийлгэдэг гэсэн ойлголт Монголд түгээмэл байсан юм шиг байна лээ. Тэгээд шивээс хийж буй хүмүүсийг архи, тамхи, мансууруулах бодис хэрэглээд л, шивээс хийгээд байдаг бүтэхгүй нөхдүүд гэдэг ойлголт, төсөөлөл суучихсан байсан. Гэр бүлийнхэн одоо дэмжиж, ойлгодог болсон.
-Биеийн аль хэсэгт шивээс хийлгэхээс шалтгаалж өвдөлт нь янз бүр гэдэг. Хүмүүс ихэвчлэн хаанаа шивээс хийлгэж байна вэ?
-Яс ойрхон хавирга гэх мэт хэсэгт эсвэл нимгэхэн арьстай хүнд өвдөлт илүү мэдрэгдэх гээд байдаг талтай. Ер нь хүмүүс ихэвчлэн гарын шуу хэсэгтээ түгээмэл хийлгэж байна. Гарын шуу нь хамгийн өвдөлт багатайн дээр хийлгэж байгаа хүн ч өөрөө харах боломжтой.
-Шивээсчин болоход гоё зурдаг байх шаардлагатай юу?
-Ер нь бол зургийн мэдрэмжтэй байх шаардлагатай. Өнгөний зохицол, гэрэл сүүдэр, хаанаас нь уусгалт яаж өгөх үү гэх мэт мэдрэмжтэй байх ёстой. Түүнээс заавал гоё зурдаг байх гэсэн юм бол байхгүй. Бас харандаагаар сайн зурдаг байлаа гээд шивээс сайн хийдэг болно гэсэн үг биш. Хүний биеэн дээр зурах цаасан дээр зурах тэс өөр мэдрэмж, зурах үйл явц нь ч бас шал өөр шүү дээ.
-Шивээс хийхдээ зохиомж маягаар өөрөө сэтгэж зурдаг уу эсвэл бэлэн зураг хараад шивдэг үү? Өөрийн арга технологиос хуваалцвал?
-Бэлэн зураг авчирсан хүмүүсийг яг тэр зургаар нь хийж өгдөг. Биеийнхээ аль хэсэгт, ямар шивээс хийлгэхээ мэдэхгүй байгаа хүмүүстэй ярилцаад, тухайн хүндээ тохирсон шивээсийг нь шинэ зохиомж гарган, ipad дээр sketch хийж байгаад хийж өгдөг.
-Хийхэд хамгийн хэцүү, ажиллагаатай шивээс гэж байдаг уу ?
-Тэр бол тухайн шивээсчин өөрөө яг ямар төрлийн шивээс хийдэгээс нь хамаардаг. Тухайлбал надад бол олон өнгө орсон, өнгөтэй шивээс хийх сонирхол байдаггүй. Би бол хар, саарал шивээс хийдэг болохоор надад өнгөтэй шивээс хийхэд их цаг хугацаа шаарддаг. Зарим өнгөтэй шивээс хийдэг шивээсчдэд хар шивээс хийхэд илүү цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр тухайн шивээсчнээс өөрөөс нь хамаардаг.
- Хүний арьсан дээр зураг зурна гэдэг хэн дуртай аавын хүү хийчихдэг зүйл биш. Хамгийн удаандаа хэдэн цаг сууж шивээс хийдэг вэ?
-Шивээс хийнэ гэдэг хамгийн их хариуцлага мөн цаг их зарцуулдаг зүйл. Мэдээж ямар шивээс хийлгэхээсээ шалтгаалан зарцуулах цаг нь янз бүр байдаг. Миний хувьд нэг дор арван гурван цаг сууж шивж байсан тохиолдол байгаа. Би өөрөө ч арван гурван цаг суугаад хийнэ гэж бодоогүй, үйлчлүүлэгч маань дуусгаад өгөөч гэсэн болохоор хийж өгч байсан.
-Өөр дээр чинь ирээд шивээс хийлгэж байсан хүмүүс дунд сонин шивээс юм уу, биеийн содон хэсэгтээ шивүүлж байсан тохиолдол бий юу?
-Надад ер нь ямар ч шивээс сонин санагддаггүй. Харин гараа тас хараар будуулж байгаа хүмүүст их сонин санагддаг юм шиг байна лээ. Би хэд, хэдэн хүний гар будсан зураг, бичлэгийг instagram story-доо хийхээр олон хүн гайхаж асуудаг. Яагаад ингээд будчихаж байгаа юм бэ гээд л. Одоо бол будаж байгаа чинь бас нэг жанар төрөл болчихсон. Биеийн содон хэсэг дээр шивээс хийлгэсэн гэвэл нэг хүний гарын эрхий хурууны өндгөн дээр нь хийж байсан юм байна. Мөн хүмүүс шивээсийг заавал гоё сайхан харагдах гэхээсээ илүү түлэгдэлтийн сорви, ялзралттай арьсны асуудал өө сэвээ далдлах зорилгоор ч ихээхэн хийлгэдэг.
-Ямар улиралд шивээс хийлгэвэл илүү тохиромжтой байдаг вэ?
- Намар, өвлийн улиралд шивээс хийлгэвэл илүү тохиромжтой. Зуны улиралд хүмүүс шивээс хийлгэчхээд наранд ил гарах гээд байдаг. Шинэ хийлгэсэн шивээс наранд ил гарахаараа муухай болдгоос гадна зуны улиралд тоос шороо орж бохирдох эрсдэл өндөртэй. Өвлөөс хаврын улиралд шилжихэд хүний биеийн дархлаа нэлээд унадаг, харин зунаас намар, намраас өвлийн улиралд шилжихэд хүмүүсийн дархлаа харьцангуй сайн байдаг.
-Одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хаана үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Одоогийн байдлаар дөрвүүлээ ажиллаж байна. Гурав нь шивээс хийдэг нэг нь шивээс арилгадаг.
Их дэлгүүрийн ард 8-р байр Tattoo Hub гэсэн студитэй.
-Танайх ямар будаг ашигладаг вэ?
-Манайх хамгийн үнэтэй, хамгийн чанартайг нь хэрэглэдэг. Яагаад гэвэл хүмүүсийн бие дээр насан туршдаа үлдэх учраас чанаргүй юмаар хийвэл чанаргүй л болно.
-Нэг шивээсийг ямар үнэ, ханшаар хийдэг вэ?
-1см-ийг 10 мянган төгрөгөөр, 15 см-аас дээш бол 1 цагийн 100 мянга гэдэг.
-Анх шинээр шивээс хийлгэх гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл:
-Шивээс гэдэг бие дээрх зүгээр нэг дүрслэлт зургаас илүү их зүйлийг өгүүлдэг. Одоо ихэнх шивээсчид өөрийн гэсэн жанараа бариад авчихсан. Эхлээд өөрөө яг ямар төрлийн шивээс хийлгэх гэж байгаагаа сайн судлаад, яг тийм төрлөөрөө Монголдоо сайн шивээс хийдэг, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан гэх зэрэг бүх зүйлийг нь судалж байж үйлчлүүлэх хэрэгтэй. Тэгээд өөртөө утга учиртай, өөр хүний бие дээр шивэгдэж байгаагүй шивээс хийлгэвэл зүгээр.
-Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе
-Зарим нэг 18-20 насныхан шивээсийг зүгээр нэг зугаагаа гаргаж хийлгэдэг зүйл мэтээр бодоод тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөрөө хийлгэчихдэг. Дараа нь энэ шивээсийг даруулаад өөрийг хийлгэнэ гэж ирдэг. Тэр нь маш буруу. Шивээсийг арилгасны дараа арьсны гадаргуу өөрчлөгдөх мөн арьс маш их гэмтэн сорви ч үүсэх тохиолдол байдаг. Тэгж арьс болон гоо сайхнаараа тоглох ямар ч шаардлага байхгүй шүү. Хуучин шивээс дарж хийсэн шивээс бол хэзээ ч шинэ арьсан дээр хийж байгаа юм шиг гоё болдоггүй. Тийм учраас анхнаасаа бодолтой байж, шивээсний загвар хийцээ зөв сонгон, зөв газраа, зөв шивээсээ хийлгүүлээрэй.
Ярилцсан Б. Ундрал