Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг өчигдөр /2021.04.21/ гарлаа. Тус аймгийн харъяат 10 хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсон байна.
Энэ үеэр 3, 16, 38 настай эрэгтэй нар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолджээ. Энэ талаарх ослын дуудлага өчигдөр орой 20.23 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдэж, эрлийн ажиллагааг өнөө өглө 06.00 цагт эхлүүлжээ.
ОБЕГ-ын мэдээлснээр таван сартай эмэгтэй, найман настай эмэгтэй, 38 настай эмэгтэй, 62 настай эрэгтэй, 50 настай эрэгтэй болон нэг хүний цогцосыг эрэн хайх ажил үргэлжилж байна. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Одоогоор хоёр хүний цогцосыг олсон. Осолдсон хүмүүсийг эрэн хайх ажил үргэлжилж байна” гэлээ.
Эрлийн ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна.