Нийгэм

Вакцины нэгдүгээр тунг тавдугаар сарын 8, хоёрдугаар тунг тавдугаар сарын 30 гэхэд хийж дуусгана

Вакцины нэгдүгээр тунг тавдугаар сарын 8, хоёрдугаар тунг тавдугаар сарын 30 гэхэд хийж дуусгана

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.

 

Тэрбээр "Гуравдугаар сарын 5-наас хойш халдварын тохиолдол огцом өссөн. Хөл хорионы үр дүн дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн гарч, тархалтын эрчим буурах хандлага ажиглагдаж байна. Манай улсад хийгдэж байгаа шинжилгээний тоо харьцангуй их. Үүнээс эерэг гарах тохиолдол нь таван хувьтай байгаа нь Японтой ижил түвшинд байгаа юм. 

21 аймгийн 19-д нь халдвар гараад байна. 18-54 насны хүмүүс нийт тохиолдлын 50 хувийг эзэлж байгаа. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү их өвдөж байна. 6,161 хүүхэд халдвар авснаас 1,725 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дундаж нас нь 66. Эдгээр хүний дийлэнх нь эрэгтэйчүүд юм.

Хөл хориог дахин 14 хоног сунгаснаар нийт тохиолдлын тоо 800-гаас доош орно гэсэн тооцоолол гарсан. ХӨСҮТ-д байгаа тандалт судалгааны багийг дүүрэг рүү шилжүүлсэн. ЭМЯ удирдаж, яамны дэргэд хяналт зохицуулалтын нэгжийг ажиллуулж байгаа. Дүүрэгт хариу арга хэмжээний багуудыг үүсгэснээр иргэдэд тусламж цаг алдалгүй очих боломжтой болсон. Дүүргүүдэд тандалт судалгааны 6-8 баг ажиллаж байна.

Нас баралт болон тохиолдлын тоог бууруулах чиглэлээр ажиллаж байна. Гарааны эмчилгээг өрхийн түвшинд эхлүүлэх зөвлөмжийг гаргаад ажлыг эхлүүлсэн. Ойрын хавьтал, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүнд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийж, эмнэлэг рүү шилжүүлнэ. Хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлж, 20 байршилд 3,890 орыг бэлдсэн. Үүнээс 200 орыг эрчимт эмчилгээний чиглэлээр бэлдсэн.

Батлагдсан тохиолдлуудаа цахимаар хянах боломжийг бүрдүүллээ. Эмнэлгүүдийн нөөцийн мэдээллийг цахимаар харах боломжтой болсон. Нийт вакцинд хамруулах хүмүүсийн 34.2 хувийг дархлаажуулсан.

Нийслэлийн иргэдийн нэгдүгээр тунг тавдугаар сарын 8, хоёрдугаар тунг тавдугаар сарын 30 гэхэд хийж дуусгана" гэв.