Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн тайлангийнхаа үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг "Цар тахлын эсрэг вакцинжуулалтыг улс төржүүлсэн. Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг гуйвуулах байдлаар зөвлөгөө өгч, санхүүжүүлэх нь ёс зүйд нийцэхгүй" хэмээн мэдэгдсэн удаатай. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Би вакцины асуудалд ямар ч байдлаар нөлөөлөх боломжгүй бөгөөд энэ бол цэвэр Засгийн газрын ажил. Миний хувьд, УИХ-ын чуулганаар төсөв батлах үеэс л вакцины мөнгийг төсөвт суулгах нь илүү найдвартай гэдгийг маш олон удаа хэлж байсан. Мөн иргэдэд вакциныг сонголттой хийх боломжийг олгох тал дээр шүүмжлэлтэй хандаж ирсэн. Би өөрөө цагаатгалын комиссын дарга. Тэртээ 1937 онд хэлмэгдсэн хүний асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Хүний эрхийг зөрчинө гэдэг нь 50 жил өнгөрсөн ч арилдаггүй учраас ийм асуудлыг цэгцлэх ёстой. Тухайн үед эрх мэдэлтэй дарга нь өөр бусад хүнийг эх орноосоо урвасан, гадаадын тагнуул гэж гүтгээд холбогдох байгууллагууд нь улс төрийн нөлөөлөлд орж шийтгэснээр улс төрийн их хэлмэгдүүлэлт үүссэн. Яг үүнтэй адилхан хэлмэгдүүлэлт надаар үргэлжилж байна. Надад ард түмнийхээ өмнө хийсэн гэм буруу байхгүй.
Би Хан-Уул дүүргийн Иргэний шүүхэд гомдол гаргасан. Би нэр төрөө сэргээлгэнэ. Ерөнхий сайд намайг гадаадад байгаа Элчин сайдтай болон зарим хэвлэл мэдээллийн сэтгүүлчтэй холбогдсон гэж ярьсан. Сэтгүүлчидтэй ярьсныг тагнаж, чагнадаг эсэхийг би гаргаж тавина. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэж бий. Намайг болон миний гэр бүлийн хүний утсыг яагаад чагнаж байгаа юм. Энэ улсад ер нь хууль, дүрэм, журам гэж байна уу. Хэн дуртай хүнийхээ утсыг чагнаж, нотолгоогүйгээр гүтгэх нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шүүхээр хэнийг ч гэм буруутай гэдгийг нь эцэслээгүй байхад Ерөнхий сайдын амнаас УИХ-ын дэд дарга хүний нэр хүндэд халдах нь байж боломгүй явдал. Тиймээс би нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, хариуцагчийг уучлал гуйх, мэдээлэл тараасан арга хэлбэрээрээ залруулга хийхийг шаардсан. Мөн Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгөөр цар тахлын үеэр орон гэргүй болсон өрх толгойлсон ээжүүдэд өгнө хэмээн мэдээлэл хийлээ.