Энэтхэгт цар тахлын халдвар буурахгүй байгаа энэ үед нэн ховорт тооцогддог, үхлийн аюултай хар мөөгөнцрийн халдвар эрчимтэй дэгдсээр халдварын тохиолдол өдгөө 8800 гаруй болжээ. Энгийн үед нэн ховорт тооцогддог хар мөөгөнцөр нэрээрээ илүү танил мукормикоз өвчин бол хамрын хөндийд ургаж, тархи, уушги, элэг гэх мэт бусад эрхтэнд нөлөөлдөг, тэгэхдээ халдварласан хэсгийнхээ ойролцоох эд эрхтэн, яс, зөөлөн эд, махыг эмчилгээ авахааргүй болтол идэж устган гэмтээдэг ноцтой аюултай өвчин юм. Тус өвчинд эмийн эмчилгээ байдаг хэдий ч ихэнх тохиолдолд мөөгөнцрийг тархинд хүрэхээс өмнө даруй өрөөсөн нүдийг авч, хагалгаа хийхээс өөр аргагүй, эс бөгөөс нас барах эрсдэл өвчний үе шатнаас хамаараад 46-96 хувь байдаг аж.
Хэдийгээр нэн ховор тохиолддог боловч эл өвчин сүүлийн үед Энэтхэгийн цар тахлын халдвар аваад эмчлүүлж буй болон эдгэсэн өвчтөнүүдийн дунд хурдтай тархаж байна. Эмч нарын үзэж байгаагаар халдвар тархахад цар тахлын эмчилгээнд хэрэглэж буй эм, өвчтөнүүдийн оношлуулаагүй удаж, хүндэрсэн чихрийн шижин ихээр нөлөөлж байж магадгүй гэнэ.
Тус өвчин энэтхэгийн 16 орчим мужид голомт үүсгэн халдварлаж байгаа бөгөөд эрх баригчдын тушаалаар нийт 29 мужид хар мөөгөнцрийг эпидемик халдвар хэмээн албан ёсоор зарлаад байна. Эмнэлгүүд цар тахлын халдвар авсан өвчтөнүүдээр дүүрч, ачааллаа дийлэхгүй байгаа тул хар мөөгөнцөрт зориулсан тусдаа тасаг байгуулж буй хэдий ч шинэ тасгууд түргэн хугацаанд дүүрч, өвчтөнүүдэд хүрэлцэхгүй байгаа гэнэ.
Мукормикоз өвчнийг үүсгэгч мукормицет мөөг ихэвчлэн хөрс, ургамал, ялгадас, ялзарсан жимс, хүнсний ногоонд байдаг салст бүрхүүлийн хөгцнөөс илэрдэг бөгөөд агаарт тархсанаар хүн, амьтны хамрын салстад наалддаг байна. Энгийн үед хүний хамрын салстад наалдсан мукормицет мөөг цаашид өвчин үүсгэх нь ховор байдаг ч Энэтхэгийн хувьд оношлуулж, эмчилгээ хийлгээгүй удсан хүнд хэлбэрийн чихрийн шижинтэй хүн олон байгаагийн дээр цар тахлаас болж тэдгээр өвчтөнүүдийн дархлаа эрс муудах нь хар мөөгөнцөр хүндрэх гол шалтгаан болж байгаа юм.