Нийгэм

Цахимаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг гаргаж болно

Цахимаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг гаргаж болно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн цахим системд холбосон. Энэ хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ өчигдөр (2021.05.25)-өөс эхлэн цахимаар гаргах боломжтой болжээ. Үүний тулд иргэд Ehalamj системд нэвтэрч, бүртгүүлэх шаардлагатай аж.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "2021 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ ehalamj.mn цахим хуудсаар илгээх боломжтой боллоо. www.ehalamj.mn цахим системийг ашиглан хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж, хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байгаа. Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг цаасаар авалгүй нэмэлт материал шаардахгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. 2021 оны зургадугаар сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд буюу Ehalamj системд оруулахаар Гааль, татвар, санхүү мэдээлэл технологийн төвтэй хамтран ажиллаж байна. Үүнд:

-18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн

-Гэр, орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн

-Хорих ангиас суллагдсан иргэн

-Өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмжүүдийг Ehalamj системд нэвтрүүлнэ.

Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмсэнээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ.

Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ. Ингэснээр иргэдэд үүсэх хүндрэл багасч, төрийн үйлчилгээ авах гэж урт дараалалд зогсох шаардлагагүй болно. Нөгөө талаасаа бид халамжийн системийг бүхэлд нь цахимжуулж, түүн дээрх дата тоон судалгаан дээр үндэслэж илүү оновчтой шийдвэр гаргадаг болох юм" гэлээ.