Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурал (УИХ)-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт хамгийн олон санал авч, Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын гишүүдийг өнөөдөр /2020.06.29/  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Ээлжит сонгуульд бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцож, сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, ард иргэдийн хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг захилаа. Мөн өнгөрсөн парламентын үед гарсан талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстой гэв.

Коронавируст цар тахлын нөлөөгөөр хүндэрсэн эдийн засагт анхаарал хандуулахын хажуугаар малчдын аж байдалтай ойр байж, хөдөө аж ахуй, уул уурхайн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд байнга анхаарч ажиллахыг мөн захилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд АН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан болон Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар оролцлоо.