Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 9-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат өрсөлдөж байгаа. АН-ын тухайд хоёр тамга, хоёр байр, хоёр даргатай сонгуульд тулж ирсэн тул зөрчил тэмцэл нэлээд үүссэн.
Тухайлбал, Ц.Туваанд байсан АН-ын тамгыг С.Эрдэнийн хүсэлтээр хүчингүй болгож, УБЕГ-аас түүнд шинэ тамга гаргаж өгсөн байдаг. С.Эрдэнэ энэхүү тамгаа УДШ-т мэдүүлэх гэхээр нөгөө талаас нь эсэргүүцээд байгаа тул дээд шүүхээс "нам дотроо учраа ол" гэсэн утга бүхий хариултыг өгсөн. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхэд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар АН-аас нэр дэвших хүсэлтээ өгч СЕХ-ноос С.Эрдэнийг бүртгэсэн юм.
Хагарал, тэмцэл дундаас нэр дэвшсэн С.Эрдэнэ санхүүгийн хувьд нэлээд асуудалтай тулгарч байгааг АН-ын дарга М.Тулгат дуулгав. Тэрбээр "Ардчилсан намын бүх данс хаагдчихлаа. Хариуцлагатай үед данс хааж хүнд байдалд оруулж байна" гэсэн мэдэглийг өнөөдөр хийлээ.