Нийгэм

АУДИТЫН ДҮГНЭЛТ ЭЦЭСЛЭГДЭНГҮҮТ 1072 ХУВЬЦААНД 256,000 ТӨГРӨГ ОЛГОНО

АУДИТЫН ДҮГНЭЛТ ЭЦЭСЛЭГДЭНГҮҮТ 1072 ХУВЬЦААНД 256,000 ТӨГРӨГ ОЛГОНО
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар аудит хийж буй бөгөөд хараахан эцэслэн баталгаажаагүй байна.

Аудитын дүгнэлт энэ долоо хоногт багтан эцэслэн баталгаажвал ирэх дөрөвдүгээр сарын эхнээс 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд хуралдаад 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртээнэ гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу ирэх дөрөвдүгээр сард олгоно гэдгээ ч мөн мэдэгдэж байв.
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа нь эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлсэн байдаг.
Сануулахад, тус компани нь 2022 оны ногдол ашиг болгон 1072 ширхэг хувьцаанд 104 мянган төгрөг олгосон. Монгол Улсын 3.4 сая иргэнд нийт 351 тэрбум орчим төгрөгийг  ногдол ашиг болгон олгосон юм. Тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлсэн юм.