Нийгэм

ЭМИЙН ХҮРТЭЭМЖ, ҮНИЙН ТАЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫГ ТОВЛОН ЗАРЛАЛАА

ЭМИЙН ХҮРТЭЭМЖ, ҮНИЙН ТАЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫГ ТОВЛОН ЗАРЛАЛАА
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийж, “Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудал” сэдвийн хүрээнд дөрөвдүгээр сарын 15-17-нд  нээлттэй сонсгол зохион байгуулах товыг тогтоосон талаар зарлалаа.
Хянан шалгах түр хороо нь нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж ажиллаж  иржээ.

Түр хороо ажиллах хугацаанд давхардсан тоогоор нийт 1164 төрийн байгууллага, албан тушаалтнаас 6183 нотлох баримтын хүрээнд 153.200 хуудас бүхий цаасан нотлох баримт, 84692 файл нотлох баримт зэргийг гаргуулан авч эм, үнэ, чанарын асуудлаарх төрийн худалдан авалт, эм зүйн салбар дахь шийдвэр гаргах түвшинд албан тушаалтны харилцан хамаарал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эмийн үнэ болон чанарын асуудлаар нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, дүн шинжилгээ хийснийг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээллээ.

Мөн нотлох баримт цуглуулах ажлын хүрээнд 150 орчим хүнтэй уулзалт, ярилцлага хийсэн байна.  Үүнээс гадна 2024 оны нэгдүгээр сарын 4-ны өдрөөс эхлэн  иргэдээс холбогдох мэдээллийг хүлээн  авч дүн шинжилгээ хийн ажиллажээ. Ингээд Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-17-нд гурван өдөр зохион байгуулахаар болсныг мэдээллээ. 

Сонсголд Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл давхардсан тоогоор нийт 150 гаруй албан тушаалтныг гэрчээр дуудаж, мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.