Гадаад мэдээ

"COVID-19" халдварын тандалт судалгааны тойм

"COVID-19" халдварын тандалт судалгааны тойм

1. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн судалгаагаар "COVID-19"-ийн халдвар авсан архаг хууч өвчингүй залуу хүмүүст өвчний шинж тэмдэг удаан хугацааны туршид үргэлжилж байгааг тогтоожээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 35 хувь нь 2-3 долоо хоногийн дараа ч биеийн байдал хэвийн болохгүй байна гэжээ.

2. Лансет сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар "COVID-19"-тэй 116 эхээс төрсөн 120 хүүхэд халдвар аваагүй болохыг тогтоожээ. Судлаачид хүүхдийг хөхүүлэхээс бусад үед 2 метрийн зайд тусад нь байлгах, хөхүүлэхдээ амны хаалт зүүх, гар, хөхийг угаах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авснаар эхээс хүүхэд халдвар авахгүй байх боломжтой гэж дүгнэжээ.

3. Даавуун амны хаалт дор хаяж 2 давхар байвал халдвараас сэргийлэх үр дүнтэй гэдгийг Австралийн судлаачид туршилтаар илрүүлжээ. Мэс заслын (нэг удаагийн) амны хаалт халдвар дамжихаас хамгийн үр дүнтэй хамгаалж байжээ.

4. Эмнэлзүйн шинж тэмдэг нь бүдэг эсвэл хөнгөн байсан хүмүүст коронавирусийн эсрэг сул дархлаа тогтож, хэдхэн 7 хоногт буцаад буурч байгааг Калифорнийн их сургуулийн судалгаа харуулжээ. 34 хүнийг 3 сар гаруйн хугацаанд дагаж судлахад дунджаар 73 өдрийн дараа дархлаа тогтоц 50 хувиар буурсан байсныг илрүүлжээ.

5. Хэрэв хүн амын 90% нь гар угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих дүрмийг хэрэгжүүлж чадвал "COVID-19"-ийн дэгдэлт олон хүнийг хамрахгүй гэдгийг судалгаагаар баталжээ.

6. Солонгосын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн судлаачид "COVID-19"-тэй 5706 өвчтний 59073 хавьталд судалгаа хийж 10-19 насны хүүхдүүд коронавируст халдварыг насанд хүрсэн хүнтэй адил халдвар тараадаг гэж үзжээ.

7. Эрэгтэй хүмүүс коронавируст халдварт их өвдөж гэр бүл, ойр дотны хүмүүсээ эрсдэлд оруулж байгаа нь амны хаалт бага зүүж байгаатай холбоотой гэж АНУ-ын Математикийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн судлаачид үзжээ.

8. Коронавирусний халдвар аваад эдгэрсний дараа нь зарим хүмүүст толгой дүүрэх, ядрах, амьсгал давчдах зэрэг шинжүүд удаан хугацаанд үргэлжилж байгааг Нидерландын их сургууль, Голландын уушгины сангийн хамтарсан судлаачид тогтоожээ.