Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хууль баталж, Хуримтлалын сан байгуулснаар ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэн.
Хуримтлалын сангаас арилжааны банкнууд руу эх үүсвэрийг шилжүүлж эхэлсэн долоо хоногт ипотекийн зээл олголт 42 хувиар өссөн байсан. Тэгвэл ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдсэнээс хойш ипотекийн зээл олголт нэмэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 59 хувиар өсчээ.
Тодруулбал, орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс 397.3 тэрбум төгрөгийн зээлийг 3361 өрхөд олгосноос Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2082 өрхөд, 130 тэрбум төгрөгийн зээлийг 1279 өрхөд олгосон байна. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумын санхүүжилт олгодог байсан бол Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж нэмэгдэнэ гэсэн үг.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 59 ХУВИАР ӨСЧЭЭ
Өөрөөр хэлбэл, арилжааны банкнууд өөрийн эх үүсвэр болон Монголбанкны санхүүжилтээр ипотекийн зээл олгож байхад удаашралтай, урт дараалал үүсч, хүлээлт үүсэн бөгөөд эх үүсвэр нэмэгдсэнээр арилжааны банкнуудаас олгох зээл нэмэгдсэн байна.
Олгосон зээлээс нийслэлд 2082 зээлдэгчид 267,3 тэрбум төгрөгийн зээл олгосон бол орон нутагт 129,9 тэрбум төгрөгийн 1279 зээлдэгчид зээл олгожээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад зээлийн дүн 53 хувь, зээлдэгчийн тоо 34 хувиар өссөн байна.
Харин 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 30 буюу ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэхээс өмнө зээл олголт нийслэлд 245 зээлдэгч, орон нутагт 149 зээлдэгчид ипотекийн зээл олгожээ. Харин Хуримтлалын сангаас эх үүсвэр нэмэгдүүлэх шийдвэр гарсан тавдугаар сарын 1-17-ны хооронд нийслэлд 353, орон нутагт 227 зээлдэгчид зээл олгожээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас санаачилсан “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг УИХ батлуулж, хууль дагаж мөрдөх тогтоолыг баталсан бөгөөд тогтоолд Хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдэж, зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгдсэн байна.
Хуримтлалын сангаас ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэхдээ орон нутагт илүү их хувиарилалт хийхээр зохицуулж байгааг мэдэгдэж байсан бол ипотекийн зээл олголт 59 хувиар нэмэгдсэний орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 100 хувь өссөн байна.
ШИНЭ ОРОН СУУЦНЫ 42.9 ХУВЬ НЬ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Урин дулааныг угтсан барилга, бүтээн байгуулалтын ажлууд орон даяар өрнөж байна. Улсын хэмжээнд жилд дунджаар 2000 гаруй барилга ашиглалтад ордог гэсэн тоо бий. Тус салбарт төрөөс ипотекийн жилийн зургаан хувийн хүүтэй зээл, орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт хүн амыг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын тоо тасралтгүй өссөөр байна.
Ипотекийн зээл олгож буй арилжааны банкнаас авсан мэдээллээр 16 мянга орчим иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгчээ.
Ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд, зээлийн эх үүсвэр нэмэгдсэнээр зээл олголт өнгөрсөн жилээс 59 хувиар өссөн нь эрэлт, нийлүүлэлт нэмэгдэж буйг илтгэж байна.
Нөгөө талдаа ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэнээр орон сууцны үнэ өссөн гэж байр худалдан борлуулдаг агентууд хэлж буй. Тухайлбал, 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.2 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.03 сая төгрөг байна. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.30 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.75 сая төгрөгийн үнэтэй байна.
Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.81 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.45 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 2.66 сая төгрөгийн үнэтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар 42,588 айлын шинэ орон сууцны төсөл зах зээлд идэхтэй хэрэгжиж байна. Нийт хэрэгжиж буй төслийн 64.7 хувийг стандарт зэрэглэлийн орон сууц эзэлж байгаа байна. Дундаж, бизнес, өндөр зэрэглэлийн төслийн нийлүүлэлт өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн стандарт зэрэглэлийн орон сууцны нийлүүлэлт ирэх жилүүдэд нийт нийлүүлэлтийн 70 орчим хувийг эзлэх төлөвтэй байна гэж судлаачид онцолж байна. Улаанбаатар хотод хэрэгжиж буй нийт шинэ орон сууцны зах зээлийн 42.9 хувь нь Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байгаа ба нийт 100 төсөл буюу 18,283 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна.
Нийгэм