2024 оны аравдугаар сарын 11-нд буюу нөгөөдөр Монгол Улсад аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд 10 нам, хоёр эвсэл, 267 бие даагч нийт 17,000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа.
Сонгогч танд саналын хуудас өгөх бөгөөд энэ нь аймаг, нийслэлийн төлөөлөгчид болон сум, дүүргийн төлөөлөгчдийг сонгох хоёр хэсэгтэй байна. Саналаа өгөхийн тулд тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож, улаан бөөрөнхий тэмдгийг дүүргэж будаарай. Хэрэв мандатын тооноос илүү эсвэл дутуу бөглөвөл саналын хуудас хүчингүй болно. Бөглөсөн саналын хуудсаа зориулалтын хавтаст хийж, санал тоолох төхөөрөмжид уншуулснаар таны санал баталгаажна.
ИТХ-ын төлөөлөгчид нь иргэдтэй хамгийн ойр ажилладаг, тэдний санал, гомдлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг хүмүүс юм. Саналаа өгөх нь иргэдийн өөрсдийн дуу хоолойг хүргэх, ирээдүйгээ шийдвэрлэх чухал алхам юм. Тиймээс иргэдийг энэ удаагийн сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрийн төлөөллөө сонгохыг уриалж байна.