Улс төр

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ НЭГ САЯАС ТАВАН ТЭРБУМААР УРАМШУУЛНА

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ НЭГ САЯАС ТАВАН ТЭРБУМААР УРАМШУУЛНА
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монголын нийгэмд тулгамдсан томоохон асуудлын нэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл өгсөн иргэн, хуулийн этгээдийг төрөөс хамгаалах нь чухал ач холбогдолтой. Ийм хамгаалалт бүрдсэнээр иргэд айдасгүйгээр мэдээлэл өгч, гэмт хэргийн илрүүлэлт сайжрах боломж бүрдэнэ. Олон улсын туршлагаас харахад өндөр хөгжилтэй орнууд авлигын эсрэг үр дүнтэй тэмцэхдээ шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг. Ийм жишгийг Монгол Улс нэвтрүүлэх шаардлагатай байна. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан боловсруулсан Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
Тус хуулийн төсөлд шүгэл үлээгчийг нэг саяас таван тэрбум төгрөг хүртэлх хэмжээгээр урамшуулах эрх зүйн зохицуулалт тусгагдсан. Хуулийн төсөл нь долоон бүлэг, 24 зүйлтэй бөгөөд холбогдохоор Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн.
Гэхдээ нэг зүйлийг онцлон ялгах нь зүйтэй. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өөрөө холбогдсон, эсхүл энэ талаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа этгээдэд энэхүү хууль үйлчлэхгүй" гэв.