Нийгэм

БНСУ-ын хилээр нэвтрэх журамд өөрчлөлт оржээ

БНСУ-ын хилээр нэвтрэх журамд өөрчлөлт оржээ

БНСУ-ын Засгийн газраас ковид-19 вируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн тус улсын хилээр нэвтрэх журамд дараах өөрчлөлтийг оруулахаар болжээ.

Үүнд:

1. Дипломат /А-1/, Албан /А-2/, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу /А-3/ болон Солонгос гаралтай /F-4/-аас бусад урт хугацаанд оршин суух визтэй гадаад иргэд БНСУ-ын хилээр гарахаас өмнө харъяа Гадаадын иргэн харьяатын газар /Immigration office/-аас дахин орох зөвшөөрөл /re-entry/ авах шаардлагатай. Дахин орох зөвшөөрөл авалгүйгээр БНСУ-ын хилээр гарсан тохиолдолд суугаа орны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37-р зүйлд заасны дагуу урт хугацааны визийг цуцална.

2. Дахин орох зөвшөөрөл авч БНСУ-ын хилээр гарсан иргэд хилээр буцаж нэвтрэх үед сүүлийн 48 цагийн дотор авсан халуурах, ханиалгах, ядрах, толгой өвдөх, амьсгал давчдах, булчин өвдөх зэрэг өвчний шинж тэмдэггүйг гэрчилсэн эмчийн магадалгааг шаардана. Эмчийн магадалгаа нь англи эсхүл солонгос хэл дээр боловсруулагдсан байх ба эрх бүхий эмнэлгийн байгууллагын эмч үзлэг хийж, гарын үсгээ зурж тамга дарсан, огноо тодорхой бичигдсэн байна. Эмчийн магадалгаа аваагүй иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхээс татгалзах үндэслэл болно.

3. БНСУ-ын хилийн чанад дах ДТГ-ууд тодорхойлолт авсан гадаад иргэдээс эмчийн магадалгаа шаардахгүй боловч эрүүл мэндийн асуулгын хуудсыг бөглүүлнэ.

Эх сурвалж: Embassy of Mongolia in Seoul