Урлаг спорт

Д.ЦЭРЭНТОГТОХЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ

Д.ЦЭРЭНТОГТОХЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ

Монголын үндэсний бөхийн холбооны Ес зүй, сахилга хариуцлагын зөвлөл улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлсэн гэж мэдэгдлээ.

Улсын начин Д.Цэрэнтогтох Баянхонгор аймгийн баяр наадмын бөхийн барилдааны үеэр аймгийн арслан Д.Ням-Очирт унаж, тахим авахдаа санаатайгаар тохойлдсон нь олны дургүйцлийг хүргээд байсан юм. Олон нийтийн зүгээс түүний ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцохыг Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудаас шаардаж эхэлсэн.

Ес зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс түүний гаргасан жудаггүй үйлдлийг хэлэлцэж, ийнхүү арга хэмжээ авсан байна. Цаашид Ёс зүйн дүрмийн дагуу зөрчил гаргасан бөхөөс тайлбар авах бөгөөд хариуцлагын хугацааг Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн олонхын саналаар тогтоох аж. Улсын начин Д.Цэрэнтогтох тэрхүү барилдааны дараа "Нийт бөх сонирхогчид болон хонгор нутгийн ард түмнээсээ уучлалт гуйж байна. Дахин ийм зохисгүй үйлдэл давтахгүй. Д.Ням-Очир дүүгээс уучлалт хүсэж байна" хэмээн цахим хуудсаараа мэдэгдээд байсан юм.