Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” санаачилгад багтсан “төсвийн зардлыг танаж, давхардсан чиг үүрэг, үр ашиггүй бүтцийг танах” зорилт болон Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаас гарсан “Төрийн захиргааны төв байгууллагын үндсэн бус чиг үүрэг хэрэгжүүлэгч албан хаагчдын нийт албан хаагчдын тоонд эзлэх хувийг 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцож, бүтэц зохион байгуулалтыг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төвлөрүүлж, сайжруулах” шийдвэрийн хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн захиргааны төв байгууллагуудад үндсэн чиг үүргийн шинжилгээ хийх ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд өнөөдөр (2026.04.09) тус газраас төрийн захиргааны 16 төв байгууллагын болон төрийн захиргааны 30 байгууллагын холбогдох удирдлага, албан хаагчдад чиг үүргийн шинжилгээ хийх маягт, арга зүйг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Төрийн захиргааны төв байгууллагуудын хэрэгжүүлж буй үндсэн чиг үүргийн хүрээнд чиг үүргийн шинжилгээ хийснээр давхардсан чиг үүрэг, үр ашиггүй бүтцийг илрүүлж, арилгах, зохион байгуулалт сайжрах, чиг үүрэг, нөөцийн хуваарилалт оновчтой болох, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд голчлон төвлөрөх боломж бүрдэх, албан хаагчдын захиргааны ажлын ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар
Эх сурвалж: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар