Нийгэм

“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” УРИАТАЙ МЭДЭЭЛЭЛ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” УРИАТАЙ МЭДЭЭЛЭЛ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
Үе тэнгийн дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэн иргэд олон нийтийг айдаст автуулдаг. Мөн нийтийн цахим сүлжээнд цахим групп үүсгэн бусдыг дээрэлхэж гадуурхаж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах зэрэг байдлаар үйлдэгдэж байна. Үүнд насанд хүрсэн хүн хувийн арга хэмжээ авах, хүүхдээ өмөөрөх зэрэг байдлаар сургууль, олон нийтийн газар бусдын хүүхдийг зодох дээрэлхэх гэмт хэрэг, зөрчлүүд ч бүртгэгдэж байна.
Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрхэлтийг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” мэдээлэл, нөлөөллийн ажил 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.