Нийгэм

Б.Анура: “Монгол газар” компани байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Б.Анура: “Монгол газар” компани байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан 11 компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн жил Засгийн газар цуцалсан. Гэвч тэдгээр аж ахуйн нэгжүүд хуульд заасан нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлэхгүй байна. Үүний нэг нь тус суманд 60 гаруй га талбайг эвдэн сүйтгэж, байгальд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа “Монгол газар” компани. Нөхөн сэргээлт хийгээгүй энэ компанид эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ажээ.

Нөхөн сэргээлт хийхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба хамтран  явуулж байгаа ажээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар экологид хэдий хэмжээний хохирол учруулсан, хэдий хэмжээний олборлолт хийсэн зэргийг тогтоох юм.

Зөвхөн Орхон багийн нутаг дэвсгэрт 360 гаруй га талбайг сүйтгэсэн бөгөөд сүйдсэн газрыг нөхөн сэргээхэд 11.3 тэрбум төгрөг шаардлагатай юм. Харин экологи эдийн засгийн үндэслэлийг нь хохиролтой нь тооцвол 307 тэрбум төгрөг болж байгаа ажээ.

Энэ талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэлт, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Анурагаас тодруулахад: "Компаниуд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг төрийн санд байршуулдаг. Гэтэл нэг компани 20, 30 лиценз эзэмшдэг атал компанийн дансан дахь мөнгөн дүнгээр тооцож барьцаа хөрөнгө байршуулдаг байсныг зогсоосон. Тухайлбал, "Монгол газар" компани л гэхэд байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан атлаа ердөө 210 сая төгрөгийн барьцаа байршуулсан байна. Мөн энэ мөнгөн дүнг нөхөн  гаргуулж тухайлсан газруудад өөр мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэхээр болсон. Цаашид лиценз бүр дээр нөхөн сэргээлттэй тэнцэх хэмжээний барьцааг байршуулахыг шаардаж байгаа.

Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн газарт шинжилгээ явуулахад байгаль орчны хохирлын үнэлгээг тооцох эрх бүхий хувийн хэвшлийн байгууллагыг шинжээчээр томилж, 1-5 сая төгрөгийн хөлс төлдөг. Хэргийн газрын үзлэгээр авагдсан хэмжилтүүд гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр өөрчлөгдөж хохирлыг бодитой тооцоход хүндрэл үүсгэдэг. Одоогийн мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол зөрчилд тооцож, өөр газарт хууль бусаар олборлолт явуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож байна. Энэ хоёр үйлдэл нь ашиг олох зорилготой газрын хэвлийд халдаж байгаа хууль бус үйлдэл юм" гэлээ.

Уул уурхайн олборлолтоос үүдэн Монгол Улсад 27 мянган га газар эвдэрч сүйдсэн бөгөөд үүний 8000 га-д нөхөн сэргээлт хийх шаардлагатай ч хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй байгаа юм.