Засгийн газрын хуралдаанаас эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн тогтолцоог нэг шатлалтай болгох шийдвэр гаргалаа. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлэхдээ “Өмнө нь эмч нарын илүү цаг, жижүүрийн нэмэгдлийг хуучин цалингаас тооцож, харин татварыг шинэ суурь цалингаас авдаг байсан нь төөрөгдөл үүсгэсэн. Үүнийг засч, нэг цалинтай тогтолцоонд шилжүүлнэ” гэлээ. Цалингийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд 150 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд уг санхүүжилтийг эмийн худалдан авалтыг нэгтгэж зардал хэмнэх, эмнэлгийн захиргааны бүтэц, орон тоог цомхотгох замаар бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд эмч, сувилагчдыг цомхотгохгүй, зөвхөн захиргааны чиг үүргийн давхардлыг бууруулах зарчмаар ажиллана. Түүнчлэн эмнэлгүүд жилд 300 тэрбум төгрөгийн эм худалдан авдаг бөгөөд нэгдсэн системд шилжүүлснээр 10 хүртэлх хувийн хэмнэлт гаргах боломжтой гэж тооцоолсон байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэлгүй, чанарын шаардлага хангахгүй эмийн хэрэглээг бууруулж, олон улсын стандартад нийцсэн эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэх бодлого баримтална гэдгийг онцоллоо.