“Дүнжингарав” уулзвар дахь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг дахин барих ажлыг 2026 оны тавдугаар сараас эхлэх бөгөөд 2027 онд дуусгахаар төлөвлөж байна. Одоогоос хоёр жилийн өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм. Нийслэлээс 2026 онд 207 дугаар байрыг шинээр барихад 16.5 тэрбум төгрөг төлөвлөсөн байна.
Албаныхны тооцоо судалгаагаар байрыг буулгаж, дахин шинээр барихад нэг жил найман сар шаардлагатай гэж тооцоолсон байна. Нийслэлийн худалдан авах газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтад "Дабль перамид" болон "Гэрэгэ технологи" компанийн түншлэл шалгарч, гэрээгээ байгуулсан. Энэ байрыг дахин барих төсвийг тусгахдаа он дамжин хэрэгжүүлэхээр баталсан. Одоогийн байдлаар ажлын зураг төсөл бол холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөж дуусаад, Барилгын хөгжлийн төвд магадлалаар хянуулахаар хүргүүлсэн. Магадлалын нэгдсэн дүгнэлт албажиж гарсны дараагаар барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн онд тус байрыг нураах ажлыг хийсэн бөгөөд 2026 онд зоорийн давхрыг буулгаж, шугам сүлжээг шилжүүлэх ажлыг хийж дуусгасан. Анх баригдсан зураг төсөл дээр тодотгол хийх шаардлага гарсан бөгөөд инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөлийг шинээр хийхээр болсон гэлээ.Өмнө нь галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.3 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөнө гэж албаныхан мэдээлж байсан бол төсөв нь 4 тэрбумаар нэмэгджээ.