Улс төр

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Даваа гарагт болж, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

Монгол Улсын хэмжээнд ЕБС-иудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байсныг өргөжүүлж “Үдийн хоол” болгож, УИХ-аас “ЕБС-ын хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хуулийг батлан гаргасан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас тус хөтөлбөрийг баталж буй. МХЕГ болон бусад байгууллагуудаас явуулсан шалгалтаар Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгосноор сургуулиудын цайны газрын ачаалал эрс нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэм алдагдах, улмаар сурагчдын хүнсний аюулгүй байдал эрсдэлд орох нөхцөл үүссэнийг анхааруулсаар иржээ.

Иймд ЕБС-ын хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоог бий болгох, стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх оновчтой зохион багйуулах, сурагчдын бие махбодь, насны ангилалд тохирсон шим тэжээл, амин дэмийн зохист харьцааг хангасан хоолны жор технологийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулан хоол шим тэжээлийн боловсрол олгох тогтолцоог бүрдүүлэх, үр дүнг тооцож, үнэлэлт дүгнэлт өгч байх 5 зүйл 48 заалттай энэхүү хөтөлбөрийг батлав.

Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар илүүдэл жин, таргалалтын тархалт сургуулийн хүүхэд, бага насны хүүхдүүдийн дунд өндөр, сүүлийн 10 жилийн хугацаанд эрс нэмэгдсэн. Сургуулийн нас буюу 7-11 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 4.3 хувиас 28,6 хувь болж өссөн бөгөөд 17,6 хувийг орон нутгийн, 23,9 хувийг хот суурин газрын хүүхдүүд эзэлж байна. Үүнд сургуулийн орчинд хүүхдүүд буруу хооллож байгаа нь  тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж үзсэн байна.