Нийгэм

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх” тухай зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, салбарын тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, УАУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатарын санаачилгаар “Монголын уламжлалт анагаахын эрдэмтдийн зөвлөгөөн” 2026 оны 05-р сарын 16 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөлийн дарга, профессор Н.Хүрэлбаатар зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ нүүдэлчин ахуйн олон зууны туршид хуримтлагдсан мэдлэг, туршлагаар ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалж ирсэн үнэт өв болох Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололттой уялдуулан хөгжүүлэх нь салбарын чухал асуудал болж байгааг цохон тэмдэглэлээ.
 
Эрдэмтдийн зөвлөгөөнд оролцогч 100 гаруй судлаач эрдэмтэн, эмч мэргэжилтнүүд салбарынхаа тулгамдсан асуудлуудыг эрх зүйн орчин, дэд бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, судалгаа хөгжүүлэлт, инновац, санхүүжилтийн тогтолцоо гэсэн таван үндсэн чиглэлээр хэлэлцэн нэгдсэн зөвлөмж гаргасан. Зөвлөгөөний явцад УАУ-ны хууль эрхзүйн асуудлаар цахим санал асуулгыг зохион байгууллаа.
Мөн зөвлөгөөн дээр өрнөсөн нэг чухал асуудал бол шавилан сургалтыг сэргээн хөгжүүлэх асуудал байсан бөгөөд уламжлалт анагаах ухааны суурь ойлголт, мэдлэгийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх зорилгоор Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хөтөлбөрийг АШУҮИС дээр түшиглэн эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Монголын уламжлалт анагаахын эрдэмтдийн зөвлөгөөний үеэр Боловсролын Яам, Эрүүл Мэндийн Яам болон АШУҮИС хооронд Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж нар гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт уламжлалт анагаах ухааны эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын хувьд “Монголын уламжлалт анагаах ухааны үндэсний төв” байгуулах, эрдэм шинжилгээний хүрээнд УАУ-ны технологийн парк байгуулах, төгсөлтийн дараах хөрвөх сургалтыг чанарын шинэ түвшинд гаргах, АШУҮИС-ийг түшиглэн УАУ-ны шавилан сургалттай ЕБС байгуулах ажлуудыг тусгасан.   
 
Зөвлөгөөнийг зохион байгуулсан УАУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийг анх 2016.07.06 өдөр тухайн үеийн БСШУС-ын А/301 тушаалаар байгуулсан бөгөөд нийт 46 эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэд нь дэд боловсрол, ахисан түвшний сургалт, уламжлалт эмийн инновац, судалгаа хөгжүүлэлт, эмнэлзүйд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.
Уламжлалт анагаах ухаанаар овоглосон эрдэмтэн, судлаачид, эмч, багш нар, эмнэлгийн мэргэжилтнүүддээ салбарынхаа хөгжлийн шинэ гарцыг нээх үйлс нь дардан байхыг УАУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн түшиц АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж хүсэн ерөөж амжилт хүслээ.