БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 8-9-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийнэ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд БНАСАУ-ын төрийн хэргийн дарга Ким Жон Уны урилгаар Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин зургаадугаар сарын 8-9-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийнэ гэж мэдэгдэлд онцолжээ. Айлчлалын дэлгэрэнгүй хөтөлбөр болон хэлэлцэх асуудлыг хараахан мэдээлээгүй байна. Трамп шиг тааварлашгүй болоод байгаа дэлхийд Ши Жиньпин Бээжинг олон туйлт дэлхийн тогтолцооны гол зохицуулагчийн хувиар төлөөлж байна гэж Хонконгийн их сургуулийн дэд профессор Брайан Вон Блүмберг агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Ирэх айлчлалын гол мессеж нь тодорхой. Хятад улс бүх талтай яриа хэлэлцээ хийж, бүх талаас ирэх дарамтын тэсвэрлэж, стратегийн уян хатан байр сууриа хадгалж үлдэнэ гэсэн мессежийг өгч байна гэж шинжээч үзэж байна. Түүний ярьснаар, “сүр жавхлант” айлчлал бүр дэлхийн улс төрийн төв гэсэн Бээжингийн имижийг бэхжүүлж байна. Доналд Трампын тааварлашгүй хэв маягийн дэргэд Хятадын имиж илүү анхаарал татаж байна Сингапурын Үндэсний их сургуулийн улс төр судлаач Жа Ян Чонг мэдэгджээ. Хятадын удирдагч Пёньян, Вашингтоны яриа хэлэлцээг зуучлах үүргийг өөртөө хүлээж магадгүй гэж таамаглаж байна. Ёнхап агентлагийн мэдээллээр, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нэгдүгээр сард Бээжинд хийсэн айлчлалынхаа үеэр хоёр Солонгосын харилцааг сайжруулахад туслалцаа үзүүлэх хүсэлтийг Ши Жиньпинд тавьсан бөгөөд Хятадын удирдагч эерэг хариу өгчээ. Түүнчлэн, Хятад, Хойд Солонгосын хооронд Найрамдлын гэрээ байгуулсны 65 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан ийн тус хоёр улсын хамтын ажиллагаа идэвхжиж байж магадгүй гэж үзэж байна.